Чой.Батзэвэг: Ганц хүний жүжгээ найруулж байхдаа үхчихсэн ч амьд яваа юм шиг мэдрэмжтэй болчихсон

Уншигч та бүхэнд зохиолч, яруу найрагч Чой.Батзэвэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Кино, жүжгийн зохиолч, урлаг судлаач мэргэжлээр СУИС-ийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч, судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн удирдлаганд төгссөн тэрээр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд дуу хөгжмийн болон уран зохиолын багш хийж буй.
Удахгүй бие даасан гурав дахь тоглолтоо хийж, хүүхдийн шинэ жүжгээ олны хүртээл болгохоор ажиллаж байгаа энэ залуу яруу найргийн "Жим" түүвэр 2017, жүжиг, өгүүллэг, эсээний "Сэтгэл дүүрэн..." ном 2018 онд хэвлүүлсэн юм.
-Удахгүй болох тоглолтынхоо талаар яриач?
-Юун түрүүнд танай сайтын уншигчид болон надаас ярилцлага авч байгаа таны амар мэндийг эрье. Цаг хугацаа өнгөрөх тусам уран бүтээлч тэр тусмаа яруу найрагч, зохиолч хүн үргэлж цаг хугацаатай зэрэгцэн уран бүтээлээ туурвиж, намрын шаргал өдрүүдийн дунд бодолхийлэн алхахдаа бусдын зүрх сэтгэлийг салхи мэт чагнадаг аж. Энэ удаагийн тоглолт миний гурав дахь тоглолт л доо. Арван нэгээ төгсөхдөө Чулуут нутагтаа "Зөөлөн аялгуу", 2014 онд "Нутгаа санасан сүмэн өвсний аялгуу" тоглолт хийсэн. Дан яруу найргийн тоглолтууд л даа.
Харин энэ удаагийнх ардын урлаг, яруу найраг, шинэ дуунуудаас бүтсэн зохиомжит тоглолт байх юм. Өмнөх хоёроос тэс өөр утга агуулга, сэтгэлгээ, сэтгэл тусгасан тоглолт болно. Хөдөө орон нутгийн тайзнаа гарч болох урлагийн бүх номерийг зохиомжилж тоглоно. Би гэдэг хүн цөөнгүй жил Увсын цэнхэр хязгаарт, Өмнийн цэнхэр говьд, уулс өндөрлөг Алтай нутаг, уужим гэхэд дэндүү уужим Дорнын тал нутагт ажиллаж амьдарчээ. Тэр дундаа дөрвөд, баяд, хотон, торгууд, боржгин түмний өв уламжлалаас чамгүй их зүйл сурсан. Одоо тэрнийгээ ард түмний өв уламжлал, ардын болон орчин үеийн урлагтай хамтатган тоглолт хэлбэрээр үзэгч түмэндээ хүргэхээр сэтгэл шулуудан хичээж явна.
-Ардын мартагдсан өв уламжлал гэхээр сонирхолтой санагдаж байна?
-Монгол түмэн бол дуусашгүй их ардын өв уламжлал, зан заншил, ёс суртахуун, дэг журам, дуу бүжигтэй ард түмэн шүү дээ. Сүүлийн хэдэн жил бидний хойч ирээдүй болсон залуус уламжлалт өв соёл, нутаг нутгийн онцлогт ёс дэг, дуу бүжиг, ерөөл магтаал, үг хэллэгийг мартаж эхэлж байх шиг санагдаад тэдгээрийг судалгаатайгаар уламжлалт сэтгэлгээ, дуу аялга, цацалтай таниулах, мэдүүлэх, өвлүүлэх үүрэг надад оногджээ гэж бодоод, олон ч газраар явж судлан, таньж өвлөн уламжлалт соёлоо тоглолт хэлбэрээр хүргэхийг зорилоо. Дөрвөд, баяд, хотон, торгууд бүжиг байдгийг сүүлийн хэдэн жилд мэддэг болоод байна.
Манайд асар олон залуу дуучин гарч ирж байна. Харамсалтай нь тэд зөвхөн нийтийн дууны урлаг руу орох юм. "Мартагдсан ардын дуугаа дуулж чадахгүй, бүр суралцаж өвлөж авъя гэсэн сэтгэл алга уу даа" гэж бодон халаглах сэтгэл заримдаа төрдөг л юм. Ор дуулагдахгүй түүх болон үлдэж байгаа торгууд, дархад, дөрвөд, баяд, хотон, боржгин, айзамт болон бэсрэг дуу, домогт дуу бүжиг, өгүүлэх эрхтэндээ шүтэлцэх урлагийг сэргээх тийм чадвартай ардын авьяастан хүүхдүүд, дуучид, бүжигчид, судлаачид, багш нар бидэнд хэрэгтэй байна шүү дээ.
-Яагаад ийм тоглолт хийхээр болов?
-Аав, ижийгээ учиргүй их санаад, нэг өглөө ижийтэйгээ утсаар ярилаа. "Хүү нь удахгүй нэг сайхан тоглолт хийдэг юм уу? Хүүгийнх нь арваад шүлэг дуу болжээ" гэсэн чинь ижий маань "Ардын дуу, хөгжим, бүжигтэй тоглолт хийвэл сайхан шүү" гэж байна. Тэгээд л ижийнхээ санааг авч хийхээр сэтгэл шулуудчихсаан.
-Та тоглолтуудаа ихэвчлэн хөдөө хийж байжээ...
-Тийм ээ, яагаад гэвэл тэр хөдөөний сэлүүхэн салхинаас дуун шуранхай исгэрч, хаа нэгтээхэн уулс аргадах мэт өвгөд хоорондоо хуучилж суудаг энэ л хөдөө нутгаас салж чаддаггүй юм. Тиймээс хөдөөний ард иргэд, хүүхэд багачуудыг урлагаар төлөвшүүлэх, ардын урлагаар хүмүүжүүлэх гээд чадлаараа авьяасаа энд уудалж, сэтгэлтэйгээ хамт дэлгэдэг дээ.
-Яагаад Улаанбаатарт тоглодоггүй юм бэ?
-Улаанбаатарт чанартай, чанаргүй тоймгүй олон тоглолтын сурталчилгаа хөвөрч байна шүү дээ. Нэр хүндээ өндөр өргөсөн олон уран бүтээлч ихэнх газрыг түрээслээд тоглож байгаа болохоор хотод тоглоё гэж нэг их боддоггүй. Ямар ч зүйл цаг хугацаатай. Цаг нь ирэхээр хотод тоглолт хийнэ дээ. Түүнээс өмнө хийчихвэл арай л болоогүй байхад тоглочихлоо гэж харамсаж мэднэ.

-Голдуу залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг уу?
-Тэгж хэлж болно шүү, ер нь л залуустай. Гэхдээ үзэл бодол, санаа сэтгэл, зорилго нийлбэл хамтарч ажиллах дуртай. Би залуу хойч үетэйгээ хамт урагшлах хэрэгтэй гэж боддог юм. "Залуучууд мөнгийг биш сэтгэл зүрх, оюун санаагаа эн түрүүнд тавьдаг бол амжилт ойрхон байдаг юм" гэж уран бүтээлч дүү нартаа би үргэлж хэлдэг. Цаг нь ирэхээр залуус бүгдийг чаддаг болох нь тодорхой.
-Тэгвэл тантай санаа бодол, гар нийлж ажилладаг ямар ямар уран бүтээлчид байна вэ?
-"Харах өнцөг" нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэдэнтэйгээ ёстой нэг зүрх сэтгэл, гар нийлж ажиллаж байгаа шүү. Гэхдээ хамгийн их нийлж хамтран ажилладаг нь бас цөөхөн. Балжинням, Баясгалан, Бүжмаа, Дорждэрэм гээд л.
-Ингэхэд та анхны шүлгээ хэдэн настайдаа бичив?
-Үнэнийг хэлэхэд сайн санадаггүй ээ(инээв). Нэг ийм шүлэг бичсэн байдаг юм.
Цаг нь ирэхээр би үхэж мэднэ
Цастай уулын энгэрт
Цав цагаан цэцэг болж ургана.
Цаг нь болохоор би бороо болно
Цахилсан энэ жимээр ижий минь
Цацлаа өргөөд нар болж ургана.
Зургадугаар ангид орсон жилээ уран зохиолын хичээлийнхээ дэвтэр дээрээс олж уншиж билээ. Дунд сургуульд байхдаа монгол хэл, уран зохиол, дуу хөгжмийн хичээлд л суудаг хүүхэд байв. Тэгэхэд нэг их шүлэг бичдэггүй, харин уран зохиолын ном чамгүй уншдаг байлаа. Ер нь номын санд л миний сурагч нас өнгөрсөн гэхэд болно шүү. Зав зай гарлаа л бол номын санд уран зохиолын ном уншина. Чухам тэр л номууд намайг жүжгийн зохиолч, яруу найрагч, урлагийн хүн болгоо биз.
-Шүлэг бичдэг хүн яагаад үргэлжилсэн үг рүү орчихов?
-Би өөрийгөө их сонин хувь заяатай гэж боддог. Анх СУИС-ийн ардын дууны ангид орохоор хотод ирсэн юм. Тэгсэн Чинзориг багштай санамсаргүй тааралдтал "Чи дуучин болохгүй ээ" гээд кино, жүжгийн зохиолчийн ангид оруулчих нь тэр. Тэр өдрөөс хойш шүлэг, жүжиг хоёрыг бичиж байна даа. Үргэлжилсэн үг хүнийг хүн болгох ухаанд суралцуулдаг байх. Харин шүлэг хоромхон хугацааны мэдрэмжийг үгээр бүтээж, бусдын сэтгэлд хүргэдэг болов уу.
-Та хэдэн жүжиг туурвиад байна вэ?
-Би жүжгийн зохиолоо намар, өвөл хоёр бичих дуртай. Яагаад гэвэл энэ хоёр улирал миний сэтгэлийг чагнаж, зохиол бичүүлдгийг ойлгосон л доо. Одоогоор арав гаруй жүжиг бичжээ. Тэднийгээ эмхэтгээд ном болгочих санаа бий. Ер нь жүжгийн зохиол бол миний тархи, оюун санааны эх үүсвэр юм.
-Ганц хүний жүжиг бичээд, өөрөө найруулна гэдэг бас хөдөлмөр шүү...
-Ганц хүний жүжиг бол ганцхан хүн бүх л зүйлийг өөрийнхөөрөө илэрхийлж, бүхэл бүтэн тайзан дээр өөрийгөө нээнэ гэсэн үг. Ер нь бичсэн, найруулж буй хүнээс чадварын хамгийн том ухааныг шахуулж гаргадаг юм байна билээ. Би ганц хүний жүжиг нэгийг бичсэнээ л найруулж тавьсан даа. Үзэгчид намайг хачин их үнэлсэн шүү. Ганц хүний жүжгээ найруулж байхад яг л үхчихсэн хэрнээ амьд яваа юм шиг тийм сонин этгээд мэдрэмж надаас салалгүй хоёр сар гаран болсон шүү.
-Таны багш хэн билээ?
-Би дөрвөн сайхан багштай. Алтанцэцэг, Урангоо, Чинзориг багш маань миний сэтгэлийн их зөөлөн ухаанаар амьдралд минь бүтээгдсэн багш нар. Харин намайг хамгийн их өөрчилж, өмнө нь бичсэн шүлгүүдийг маань төдийгүй намайг шатааж, дахин шинэ хүн болгосон нь яах аргагүй зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг багш маань. Энэ л хүнээс орчлонгийн гэрэл гэгээ бүхнийг цуглуулж яваа юм, би.
-Таны бодлоор онгод гэж байдаг уу? Байдаг бол таных хэзээ ордог вэ?
-Онгод гэдэг зүйлийг би зохиолч, яруу найрагчид байдаггүй гэж боддог. Тиймээс надад байхгүй. Гэхдээ онгод хоёр талтай зүйл шүү дээ. Онгод гэдэг нь бөө нарт байдаг байх. Бөөгийн онгод гэж сонсож байснаас би л хувьдаа яруу найрагч, зохиолчийн онгод гэж тэр болгон сонсоогүй. Би онгодоор биш өөрийнхөө харах өнцөг, мэдрэх сэтгэл, мэдрэмжээр бичиж, амьдарч явна.
-Сайн зохиолч болоход авьяас, хөдөлмөр хоёрын аль нь илүү хэрэгтэй вэ?
-Зохиолч хүн тархиараа л хөдөлмөрлөж байж авьяасыг бүтээж чадна.чадна Тиймээс хөдөлмөр 90 хувь, авьяас 10 хувь байх ёстой гэсэн зорилго өөртөө тавьдаг.
-Үеийнхээ шилдгүүдийг нэрлээч гэвэл...
-Мө.Батбаяр, Балжинням, Бат-Ууганбаяр, Энхтайван, Анхбаатар нарыг юун түрүүнд нэрлэмээр байна.
-Та ямар нэг бүлгэмд харьяалагддаг уу?
-Одоогоор үгүй. Цаашид яахыг алсын ирээдүй л мэдэх байх даа.
-Уучлаарай, танай гэр бүлд тун харамсалтай явдал тохиолдсон юм билээ...
-Хүн амьдралдаа олон зүйлийг туулж, тэвчиж өнгөрөөх ёстой шиг байгаа юм. Талийгаач, бид хоёр дунд сургуульд байхаасаа үерхэж, хоёр курсээсээ хамт амьдарч эхэлж билээ. Хойтон нь манай хүн бие давхар болон бид ээж, аав болох гээд их баярлан, сэтгэл дүүрэн амьдарч байлаа. Гэвч нэг л өглөө авто ослоор хоёуланг нь алдаж, хар дарсан зүүд шиг өдөр хоногуудыг үзэн, архинд ороод, нэг хэсэг уруудаж явсан үе бий. Тэгэхэд бүгд надаас холдсоон. Тэгээд ингэж амьдрах ёсгүй гэж шийдээд, архинаас холдож, амьдрах хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл өөртэйгээ тэмцэн, нар луу тэмүүлж, тэнгэрт залбирч, олны дунд энгийнээс энгийн гэмээр амьдарч байна.
-Хань ижил, үр хүүхдээ нэг дор алдах ч хэцүү шүү...
-Хүндхэн өдрүүдийг тухайн үедээ тэвчиж чадахгүй уйлж, ууж байсан залуу хийхийг зорьсон бүхнээ бүтээхийн төлөө хичээж, олны харц дунд зөөлрөн алхаж явна даа. Тэд маань тэнгэр болоод долоон жил өнгөрчээ. Хамт байгаагүй долоон жилийг ханийнхаа хайр, нялххан ч үнэрлэж чадаагүй хүүхдийнхээ үнэрийг сэтгэл зүрхэндэ төсөөлөн бодоод, өөрийгөө нөмөр хийж амьдарч байна даа.
-Ингэхэд ханьтайгаа яаж танилцав?
-Долдугаар ангидаа танилцаад, түүнээс хойш тасралтгүй үерхжээ. Бид хоёр нэг өдөр төрсөн юм. Төрсөн өдөр болохоор хүндхэн байдаг даа. Өнгөрсөн хавар ханийнхаа төрсөн гэрийн буурин дээр "Тэнгэрийн гоо цэцэг" гэдэг дуун хөшөө босгосон. Миний хийж чадах зүйл тэр л байлаа.
-Хоёр дахь амьдралаа зохиох талаар бодож үзэв үү?
-Заримдаа боддог юм аа. Цаашид шинэ амьдрал зохионо. Хайр байгаа цагт зүрх амьдрал зохиолгодог байх. Нэгэн эмэгтэйд дасаж, шүлэг зориулан бичээд, хааяахан дуу хоолойг нь сонсож тайтгаран, үе үе уулзана. Ахиад алдахгүйн тулд бүгдийг хайраараа бүтээж, хамт байх болно гэсэн итгэл, сэтгэлийг өөртөө бүрэлдүүлээд явж байна даа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр

Түүний найз бүсгүйдээ зориулсан шүлгийг уншигчдадаа хүргэж байна.
Бүүр эртний хайр минь
Бүлээхэн уруулнаасаа
Бадаг бадаг гэгээ цацруулах хайр минь
Үргэлж гэрэлтэх хайр минь
Үнсэх бүрдээ инээмсэглэх
Үнэнч тунгалагхан дурлал минь
Жаргал амтагдах хайр минь
Жаахан зүрхэнд ургасаар л байх
Жаргалаас эхэлсэн
Инээмсэглэлт минь
Маргаашийг зүүдлэсээр сэрэх хайр минь
Магад ирээдүйг надтай хамт хайрласан
Мартагдашгүй гэв гэгээн үзэсгэлэн минь
Ахиад л ахиад дурсагдах хайр минь
Амьдралыг минь сэтгэлээрээ зурсан
Алагхан биений амь болсон жаргал минь
Анхнаасаа надаас үүссэн хайр минь
Ангирхан намраас биес рүүгээ тэмүүлэх
Алагхан нүдэндээ намайг зурж хайрлах
Амраг сэтгэлийн минь мөнхийн хань минь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ