Ч.Хүрэлбаатар: Хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийнэ гэж захиалга өгсөн

Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банкинд өгсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Түүнчлэн тэрбээр "Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж ийм захиалга өгсөн. ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлагдсаны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Вакцины асуудал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа" гэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэлж, 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүд болон ажлын хэсэг гэсэн 20 гаруй хүн байна. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимаас оролцож байна. Бусад нь өөр өөрийн байгаа газраасаа чуулганы хуралдаанд оролцож байна. Чуулганы хуралдаанд нийт 70 гишүүн оролцож байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ