Mатематикч Т.Гансүх: Энэ ертөнцийн хаана ч очсон үл өөрчлөгдөх цор ганц шинжлэх ухаан бол математик

Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Юуны өмнө докторын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Та ямар сэдвээр хамгаалав?
-За баярлалаа. Би 2016 онд БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцахаар тус улсад очсон. Хэлний бэлтгэлд нэг жил сурсныхаа дараа Чуннам Үндэсний их сургуульд онолын математикийн чиглэлээр гурван жил хагас суралцаад, сая улс тунхагласны баярын өдөр дипломоо хамгааллаа. Үндсэн чиглэл бол топологи. Тэр дундаа динамик системийн топологи шинж чанарын судалгаан дээр ажилладаг багт нь орж ажилласан. Харин диссертацийн сэдэв маань "Пи-эдик динамик системийн тогтворжилт" англиар бол "Stability of p-adic dynamical systems".
-Яагаад Чуннам Үндэсний их сургуулийг сонгов?
-Энэ сургуулийг сонгосон хэд хэдэн шалтгаан бий л дээ. Эхнийх нь тус сургуульд МУБИС-ийн манай тэнхимийн багш, нэг талаараа шавь ч гэж болох Ц.Нямдаваа маань сурч байсан нь энэ сургуулийн тухай болон судалгааны багийнх нь тухай хангалттай мэдээлэл авах боломжтой байлаа.байлаа Мөн засгийн газрынх нь тэтгэлэгт 40 хүртэлх насныхныг л элсүүлдэг юм билээ. Миний хувьд яг сүүлийн жилдээ уг тэтгэлэгт өрсөлдсөн. Тиймээс улсын сургуульд материалаа бүрдүүлж өгвөл тэнцэх илүү их магадлалтай гэж бодоод энэ сургуулийг сонгосон доо. Сонголт маань зөв байсныг энэ хугацаанд ойлгосон.
-Докторын зэрэг хамгаалуулдаг эрдмийн зөвлөлийнх нь талаар яриач... -Солонгост том сургуулиудад нь докторын сургалтаа бүрэн гүйцэд дуусгаж, диссертациа хамгаалахын тулд тодорхой төвшний эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлж байж эрхээ авдаг. Яг хамгаалуулах зөвлөлийн тухайд бол мастерын төвшинд гурван хүнтэйгээр тэдний нэг нь гаднын сургуулиас, докторын төвшинд таван хүний бүрэлдэхүүнтэй, хоёр нь бусад их, дээд сургууль, хүрээлэнгээс ирнэ. Ийм зөвлөлийг батласнаар хамгаалалт болно доо. Миний сэдэв алгебр, тооны онолтой тодорхой хэмжээгээр холбоотой байсан учраас гаднын хоёр профессорын нэг нь динамик системийн, нөгөө нь алгебрийн чиглэлийн хүн байсан.
-Монголд болон Солонгост доктор хамгаалах мэдээж их ялгаатай байх... -Ялгаа байлгүй яах вэ. Монголд нэгдсэн нэг зөвлөл дээр бүх сургуулийн докторантууд очиж хамгаалдаг тогтолцоо бий. Манайд тэр нь ч зөв байх. Нэг сургуульд нарийн мэргэшсэн чиглэлээр олон хүн зэрэг ажиллах боломжгүй. Тэгэхээр бүгд нийлж байж доктор хамгаалдаг гэсэн үг. Харин Солонгосын том их, дээд сургуулиудад тийм асуудал алга. Математикийн нарийн чиглэл бүрт дор хаяж хоёр профессор байх жишээний. Тиймээс сургууль дээрээ зэрэг хамгаалах бүрэн бололцоотой. Түүнээс гадна энэ улсад шинжлэх ухааны судалгааг маш сайн дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мөнгө төгрөг, санхүү төсөв дээр санаа зовох зүйл огт алга. Сайн л ажиллаж байвал тэр мөнгийг нь хангалттай өгөөд л байна. Энэ бол шинжлэх ухааны хөгжлийг дэмжих маш том бодлого энэ улсад байгаагийн илэрхийлэл. Манайд энэ тал дээр дэндүү учир дутагдалтай шүү дээ. За тэгээд яривал их юм байна аа. Ингэсгээд орхих уу?
-Тэгье ээ. Ингэхэд та энэ сургуульд доктор хамгаалсан хоёр дахь монгол математикч болсон гэлүү?
-Тийм. Миний өмнө Ц.Нямдаваа маань мөн динамик системийн чиглэлээр 2019 онд доктор хамгаалаад буцсан. Бид хоёрын судалгааны баг болон удирдагч багш маань нэг болохоор цаашид хамтарч судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг сайн баг МУБИС дээр бүрдсэн гэж бодож байгаа. Энэ нь бидний хувьд маш том давуу тал юм. Одоо биднээс л бүх зүйл шалтгаалах байх даа.
-Таны сэдвийн гол онцлог...
-Судалгааны үндсэн баг маань динамик системийн топологи чанарын судалгаа хийдэг гэж дээр хэлсэн дээ. Тэдний судалгааны үндсэн суурь огторгуй нь Компакт метрик огторгуй. Гэхдээ бидний мэдэх ердийн бодот тоон олонлогийн компакт олонлогтой ижил чанартай огторгуй дээр хийгддэг судалгаа л даа. Би энэ суурь огторгуйг нь р-эдик тоон талбар буюу Архимедийн бус талбар болгож солиод динамик шинж чанаруудын судалгааг хийсэн. Өөрөөр буюу энгийнээр тайлбарлая гэвэл топологи, алгебр, тооны онолын уулзвар дээр орших талбарт судалгаа хийсэн гэсэн үг. Мэргэжлийн бус хүмүүст ойлгоход жаахан төвөгтэй байж мэднэ.
-Яагаад энэ сэдвийг барьж авах болов?
-Магистрын дипломын ажлаа МУИС дээр алгебрийн чиглэлээр бичсэн надад энэ чиглэл илүү ойр, үр дүнгүүд илүү амар бас сонирхолтой санагдсан. Ер нь математикийн онолын судалгаа орчин үед цэвэр нэг чигт явах нь бараг үгүй болсон. Бүгд л олон салбарын уулзвар, хавсарсан чиглэлээр судалгаа хийцгээж байна даа.
-Ингэхэд яагаад математикч болсон билээ? Энэ шинжлэх ухааны юу нь тэгтлээ таныг татав?
-Ээж маань математикийн багш хүн л дээ. Ховд аймгийн төвийнхөн андахгүй байх, Г.Сонин багш гэхээр. Ямартай ч ээжийн маань нөлөө байсан биз. Бага ангиасаа математикт дуртай, олимпиад гээд л явдаг хүүхэд байсан. Тэгж явсаар л нэг мэдэхэд математикаас салж хагацахааргүй дурлачихсан даа. Математик бол их онцгой шинжлэх ухаан. Ойлгох тусам улам цааш шунаад дурладаг. Дуусна, барагдана гэж үгүй. Эцэс төгсгөлгүй нэг тийм гоё, сайхан мэдрэмж өгч чаддаг болохоор л эргэлт буцалтгүй орчихсон доо. Хариуг нь гаргаж чадаагүй бодлого эсвэл асуудлынхаа талаар бодон агаарт алхах үед мөн ч сайхан мэдрэмж төрнө шүү дээ. Тэгээд шийдэл санаагаа олчихвол бүр ч ярих юмгүй, дэндүү тансаг мэдрэмж. Бусдад сонин санагдаж мэдэх л юм.
-Анхны багшийнхаа талаар яриач...
-Нэгэнт ийм асуулт асуусных багш нараа нэг сайхан дурсъя гэж бодлоо. Математик гэж энэ гайхам зүйлд дурлуулсан үе үеийн олон багш минь байсны хүчинд би өдий зэрэгтэй яваа гэж боддог доо. Бага ангийн багш Цэмээдэй, Ховдынхон "жижиг" гэж сайн мэдэх Дашдондог багш, за тэгээд математикт жинхэнэ шунуулсан Р.Баатаржав багш маань байна. Мөн Р.Гансүх багш болон дунд сургуульд байхад тусалж дэмжиж өдий хүргэсэн олон сайхан багш бий. Зөвхөн математикийнх биш шүү... Их сургуульд сурахад математикийн амтыг мэдрүүлсэн Б.Цэрэнжав, Б.Равданжамц, талийгч Сүрэнхорлоо, Т.Батзул болон МУИС хэмээх эрдмийн их уурхайд сурах үед зааж чиглүүлсэн А.Мекей, Бэгзжав агсан, Ц.Баясгалан агсан, Ц.Дашдорж, А.Галтбаяр, Баярсайхан, Төмөрбат, А.Булган, Ц.Батхүү багш нартаа талархаж явдаг даа. Энэ олон багшаасаа хоёр хүнийг онцолмоор санагдаж байна. Тавдугаар ангидаа тэр үеийн "Сурган хүмүүжүүлэгч" сэтгүүлийн нэрэмжит улсын эчнээ олимпиадад тэргүүн байр эзэлсэн юм. Тэр үед нь математикт эргэлт буцалтгүй дурласан гэж боддог. Тэр замд хөтөлсөн хүн бол Р.Баатаржав багш маань. Одоо Ховдод бий. Энэ дашрамд багшдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэж, урт наслахыг ерөөе. Мөн намайг алгебр хэмээх салбарт зааж чиглүүлж оруулсан хүн бол А.Мекей багш минь. Би багшийнхаа гарын шавь нарынх нь сүүл үед багтах байх. Багш маань одоо тэнгэрийн оронд буй ч намайг алгебртэй ямар нэг хэмжээгээр холбоотой сэдвээр докторын зэрэг хамгаалахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гарцаагүй мөн гэж боддог доо. Багшийнхаа ачийг багахан ч гэсэн хариулсан болов уу гэж бодож байгаа.
-Монголд математикийн шинжлэх ухаан хэр хөгжиж байна гэж боддог вэ?
-Монгол улсын хувьд шинжлэх ухаандаа зарцуулж буй мөнгө хөрөнгө, зориулсан бодлого, чиглэгдсэн ажил зэрэгтэй нь харьцуулах юм бол Монголын математик хангалттай өндөр төвшинд бий. Олон сайн залуу дороос гарч ирж байна. Цаашид ч сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Гагцхүү энэ төр засаг бодлогын төвшинд шинжлэх ухаан, боловсролдоо хандах хандлагаа өөрчлөхгүй бол хэцүү дээ. Бид ч бас дуу хоолойгоо тэдэнд хүргэхийг илүү хичээх ёстой байх.
-Манайхны төвшинг дэлхийнхтэй харьцуулбал...
-Би үүнийг дүгнэх хэмжээний хүн биш л дээ. Зүгээр л бодлоо хэлье. Математик дотроо олон салбар, чиглэлтэй. Зарим нэг салбарын хувьд олон улсын төвшинд судалгаа хийдэг эрдэмтэд дутагдалтай ч нэлээн олон салбарт сайн эрдэмтэн судлаачид бий гэж боддог. Тухайлбал хэрэглээний математик, тооцон бодох математик, алгебр, функциональ анализ, графын онол зэрэг салбарыг дурдаж болох юм. Тун удахгүй манай динамик систем, топологийн салбар бас нэмэгдэх болов уу гэж бодож байна.
-Тэгвэл дэлхийд хаанах тэргүүлдэг юм бол?
-Аль нэг улс гэж онцгойлох хэцүү. Математик даярчлагдсан шинжлэх ухаан. Бал, цаас хоёр байхад л хаана ч хэн ч хийж болдог салбар шүү дээ. Гэхдээ мэдээж тэргүүлэх зэргийн эрдэмтэд аль улсынх байна гэдгээр баримжаа бас авч болох л юм. Бусад салбарыг сайн мэдэхгүй байна. Яг энэ динамик системийн топологи чанарын судалгаанд Өмнөд Америкийн эрдэмтэд тэргүүн эгнээнд явж байгаа гэж боддог. Бразил, Уругвай зэрэг орны олон мундаг эрдэмтэн бий. Мэдээж хэрэг Орос, Англи, Иран, Япон зэрэг орны эрдэмтэд ч бий. Ер нь аль нэгийг нь онцлоход хэцүү л дээ.
-Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэгтэй санал нийлэх үү?
-Би наад үгнээс чинь илүү "Аливаа шинжлэх ухаан математикийг хэрэглэсэн цагт л төгс төгөлдөр болно" гэдэг үгэнд илүү дуртай. Байгалийн шинжлэх ухаануудын хувьд ярих зүйл үгүй, бүгд математиктэй нягт уялдаа холбоотойгоор хөгждөг. Тэгвэл нийгмийн шинжлэх ухаанууд ч мөн математикийг нэлээн түлхүү хэрэглэх хандлага олон жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. Яг үүнтэй холбоотойгоор салбарын математикууд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Биологийн математик, хэл шинжлэлийн математик, тархи судлалын математик загварчлал гэх мэтээр. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй нэг салбар бол хиймэл оюун ухааны салбар. Энд маш олон математикч үр бүтээлтэй ажиллаж байна. Манай оронд ч энэ чиглэлээр ажилладаг хүмүүс цөөнгүй бий.
---Ер нь таны бодлоор математик гэж юу вэ?
-Сонин л асуулт байна. Хүн болгон янз бүрээр тайлбарлах байх. Шууд утгаараа бол тооны ухаан. Гэвч энэ утгаасаа дэндүү хальсан л даа. Хүний оюун ухааныг цэгцтэй сэтгэхэд сургадаг шинжлэх ухаан гэдэг юм, зарим хүн. Дунд сургуулийн хүүхдэд, их сургуулийн оюутанд, мэргэжлийн багш нарт, эрдэмтэн судлаачдад гээд төвшин бүрт л янз бүрээр тайлбарлаж болох байх. Гэхдээ би арай өөрөөр хэлэх гээд үзье. Яг хаана хэзээ уншсанаа мартжээ. Тэр нь юу вэ гэвэл энэ орчлон ертөнцийн хаана ч очсон үл өөрчлөгдөх цор ганц шинжлэх ухаан бол математик. Өөрөөр хэлбэл хаана ч очсон Пифагорын теорем, Эйлерийн томъёо, дугуйн талбай олдог томъёо ч гэдэг юм уу эд яг л хэвээрээ. Магадгүй харь гараг дээр амьдрал байлаа гэхэд тэнд ч яг адил Пифагорын теорем бий. Тэмдэглэгээ нь өөр байж болох ч агуулга нь яг л хэвээрээ байна гэсэн үг. Тэгэхээр математик гэдэг бол туйлын үнэнийг судалдаг шинжлэх ухаан юм болов уу. Магадгүй энэ утгаараа түрүүчийн дурдаж байсан "Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм" гэдэг үгтэй утга нь дүйж ч мэдэх юм.
-Одоо математик ярихаа больё. Та гэр бүлээ танилцуулаач...
-Эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэр маань МУИС-ийн Бизнесийн сургуульд багшилдаг. Том охин хоёр жилийн өмнө МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгссөн. Хоёр бага нь "Эрхэт эрдэм" дунд сургуулийн дөрөв болон есдүгээр ангид суралцаж байгаа. Товчхондоо ийм.
-Мэдээж бүх цаг заваа математикт зарцуулдаггүй л байх. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Хэн ч бай ажил амралтаа зохицуулж сурах хэрэгтэй гэж би боддог. Тиймээс ч чөлөөт цаг гаргахыг аль болох хичээнэ шүү. Спортоор хичээллэх, тэмцээн уралдаан үзэх, найз нөхөдтэйгээ уулзах гэх зэргээр чөлөөт цагаа өнгөрөөдөг дөө. Монголдоо буцаж очоод чөлөөт цагаа гэр бүлдээ илүү зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй л байна. Гэр бүлээсээ хол дөрвөн жил болсон хүнд эн тэргүүнд тэр л бодогдож байна даа.
-За сүүлийн асуултыг танд үлдээе...
-Их баярлалаа. Бусдад уншихуйц, сонирхлыг нь төрүүлэхүйц ганц ч болтугай зүйл ярьсан байгаасай л гэж бодож байна. Та бүхний ажилд амжилт хүсье. ---- -Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ