О.Мөнхдэлгэр: Торгон хилээ хамгаалж яваагаа эх орондоо оруулж буй хувь нэмэр гэж боддог

Хилийн инженер техникийн 0252-р ангийн офицер
хошууч О.Мөнхдэлгэр
Өнөөдөр бидний хэлж заншсанаар Монгол цэргийн баяр. Батлан хамгаалах яамны түүхт 110, зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр билээ. “Жанжин тугийн минь намираа, жагсаалын дуутай хөг нэгтэй” хэмээн дуундаа омогшиж, эх орон, эгэл ардынхаа төлөө тангараг өргөсөн үе үеийн цэрэг эрсийн баяр. Тиймдээ ч эгэл нэгэн хилчинтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Юуны өмнө танд Монгол цэргийн баярын мэнд хүргэе, өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Оюун-Эрдэнэ овогтой Мөнхдэлгэр гэдэг. Хүүхэд насаа Төв аймгийн Жаргалан суманд хөдөө өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн. Тус сумын ЕБС-ыг 1996-2006 онд суралцаж төгсөөд, “Цэргийн л хүн болно” гэсэн зорилготойгоор Хилийн цэргийн дээд сургуульд шалгалт өгч элсэж байлаа. Яг л багын мөрөөдлөө биелүүлж байгаа юм шиг маш их өөртөө итгэлтэй сургуульдаа орсон. Түүнээс хойш одоог хүртэл хилчин замналаар явж байна. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
-Анх эх орныхоо аль хил дээрээс ажил амьралынхаа гарааг эхэлж байсан бэ?
-2010 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны ажилтан мэргэжлээр суралцаж төгсөөд Дорноговь аймгийн хилийн 0129 дүгээр ангийн ...дугаар заставд орлогчоор томилогдон очиж байлаа. Анхны бүхэн сайхан байдаг юм билээ. Тэндээс миний ажил, амьдралын анхны гараа эхэлсэн. Олон аавын хөвгүүд эх орныхоо төлөө “Сэтгэл зүрх, өөрийн амь биеэ үл хайрлана” гэсэн тангараг дор дуу нэгтэй, алхаа нэгтэй тийм сайхан омогшил дунд очсондоо мэргэжлээрээ маш их бахархаж байлаа. Аавын хүүгийн туулах зам тэгэж л эх орныхоо хилийн зурвасаас эхэлсэн дээ.
-Торгон хил, хилийн баганатайгаа ойрхон хүнд өдөр бүр бахархах сэтгэл төрдөг байх, энэ тухайд
Хилчин хүн улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж хорин дөрвөн цагийн турш хилээ манаж, өглөө бүрийн ургах нарыг хилийн торгон шугаман дээрээс хардаг маш их азтай хүмүүс. Бахархал гэдгийг биеэр мэдэрч, дотроосоо омогшиж байх хувь тавиланг надад өгсөн ээж аавдаа баярладаг юм. Бид цастай бороотой бүхий л хугацаанд ухрах, бэрхшээх өчүүхэн ч эрхгүйгээр энэ газар шороо, түмэн олноо манах ёстой хүмүүс юм шүү дээ. Амар амгалан байгаа малчин ард, уулс нутгаа хараад маш их эрч хүч авдаг. Сайхан дуу аялаад, хааяа амандаа шүлэг хэлээд л ажлаа гүйцэтгэнэ гэдэг чинь жаргал юмдаа. Хилийн цэрэг бол залуу насны минь хийморь юм. Бид чинь дэндүү сайхан эх оронтой, уулс толгод, мал сүрэг тайван байгааг харах их сайхан. Ёстой л эх орон минь дуу шиг сайхан гэдэг шиг. Түүнийгээ манаж зогсоо аавын хөвгүүд үргэлж дотроо бахархалтай байдаг. Торгон хилээ хамгаалж яваагаа эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр гэж боддог юм.
-Таны гэр бүлийн хүн цэргийн хүн гэсэн шүү дээ. Мөн л хилийн заставаас амьдралаа эхэлж байв уу?
-Тийм ээ, бид 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2010 онд хуримаа хийгээд Улаан-Уулын отрядад томилогдон очсон. Дөнгөж сургуулиа төгссөн залуу хосууд хилчиний амьдралаар амьдарч эхэлсэн тэр цаг үе хамгийн дурсамжтай нь байсан. Хилчин хүний гэргий байна гэдэг маш тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байх гэж боддог. Заставын эгэл амьдрал тун сайхан. Өөрсдийгөө их л азтай хүмүүс юм даа гэж боддог. Анх танилцаж байхдаа нэг мөрөөдөлийн тухай ярилцаж байсан. Тэр нь хоёулаа мөрдөстэй цэргийн хүн болоод, хилчиний амьдралаар амьдарна гэж.
-Монгол цэргийн нэр хүнд, алдар гавьяаг үргэлжлүүлэх залуучууд, цэргүүддээ хандаж үг хэлээч?
-Арван найман нас хүрсэн залуучууд хуулиараа цэргийн алба хаах эрх нь үүсдэг. Цэргийн алба хааснаараа хамгийн чухал олж авах чадвар бол тэсвэр хатуужил юм. Бид хэзээд эх орон дуудахад бэлэн байх учиртай. Цаашлаад бусадтай харьцах харьцаа, биеийн болон оюуны цогц төлөвшилийг олж авдаг. Нийгэмд өөрийн байр суурь, хандлагыг бий болгоход цэргийн жинхэнэ алба хамгийн том нөлөөтэй. Цэргийн алба хааж байгаа болон цэрэгт мордох гэж буй залуустаа гэж хэлэхэд эх орныхоо төлөө алхасан алхам бүр, өргөсөн дуу бүхэн хувь заяа байдаг юм шүү. Та бүгдэд амжилт хүсч Монголын нийт генерал, офицер, алхагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчиддаа зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг хүргэе ээ!
А.Сайханбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ