Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн болон Казах түмний Наурыз баярын өдөр

Жил бүрийн гуравдугаар сардын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Маргаашнаас эхлээд өдөр уртасч, шөнө богиносох юм.
Өдөр шөнийн тэнцэл нь “шөнө тэнцэх” гэсэн латин хэлнээс гаралтай юм. Товлосон өдөр болоход дэлхийн ихэнх хэсэгт шөнө нь урт, өдөр нь богино болдог. Харин хойд хэсэгт зургадугаар сарын дунд үеэр нар жаргалгүй, бүтэн хоногийн турш манддаг ажээ. Үүнийг нар буцах өдөр гэж нэрлэдэг юм байна.
Өдөр болон шөнө тэнцдэг нь үнэн үү?
Намрын өдөр шөнийн тэнцэл буюу есдүгээр сарын 22-нд дэлхийн бүх газар өдөр шөнө хоёр тэнцдэг. Нар мандах хугацаанд үзүүр хэсэг нь таван минутын турш цухуйж харагдах бөгөөд мандаж эхлэх тэрүүхэн агшинд үүр хаяарах нь цөөн минут үргэлжилнэ. Timeanddate.com сайтад бичсэнээр бид зөвхөн нарны жижиг хэсгийг л хардаг бөгөөд нар хэмээх асар том одны дэлхийн агаар мандалд туссан зураг ажээ. Дэлхийн тэнхлэгийн хазайлт нь улирал солигдох шалтгаан болдог бөгөөд дэлхийн тэнхлэг 23.5 хэмийн хазайлттайгаар нарыг тойрдог байна. Өөрөөр хэлбэл тэнхлэгийн хазайлт нь дэлхийн гадарга дээр нарны эгц тусгал урагшаа, хойшоо шилжсэнээр бидэнд улирлын ялгааг харуулдаг гэсэн үг.
Өнөөдөр Казах түмний Наурыз баярын өдөр
Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн Монголын ард түмэн Казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг.Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрхи Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг талаар угийн ёс жаягаар нь, нөгөөтэйгүүр өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ.
Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.
Үүнээс гадна энэ өдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын энэ өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ