Болгар дахь Америкийн их сургуулийн оюутан Б.Өнөмандах:Бид хичээл зүтгэлээр илүү сайхан ирээдүйг бүтээж чадна

-Өдрийн мэнд, та өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Баяндэлгэр овогтой Өнөмандах гэдэг. Болгар дахь Америкийн их сургуульд “Computer Sceince” чиглэлээр сурдаг. Энэ жил цар тахлын улмаас эх орондоо хичээлээ үргэлжлүүлж байгаа. Монгол, Болгар улсууд нь зургаан цагын зөрүүтэй болохоор эхний цагын хичээл өдрийн 2цагт эхэлдэг, сүүлийн хичээл үдшийн 00 цагт ордог жишээний. Одоо бараг цагын зөрүүндээ дасч байна даа.
-Цагийн зөрүүнээс шалтгаалах сул талууд юу вэ?
-Ерөнхий мэргэжлийн хичээлүүдэд нэг их асуудал гарахгүй байгаа гэж бодож байна. Төгсөх анги болохоор мэдээж энэ бүгдэд дасах хэрэгтэй. Цаг үеэс шалтгаалсан нөхцөл учраас дасч байж л хүртэх мэдлэгээ олж авна гэж боддог. Гурван жилийн турш сурч мэдсэн мэргэжлийнхээ үр дүнг хүртэх хамгийн чухал цаг улам ойртож байгаа болохоор хэсэгхэн нойроо хасаад хичээгээд л байна. Гэхдээ сургуулиас уламжлал болгон зохиодог өдөрлөг, арга хэмжээ, олон улсын танилцуулга өдөрлөг гэх мэт олон нийтийн арга хэмжээ хичээлийн бусад цагаар онлайнаар явагдаж байгаа. Тэр бүгдийг болж өрнөж байхад би унтаж байдаг. \инээв\ Нэг талаасаа энэ нь маш их сул тал юм.
-Онлайн хичээлийн үр дүнгийн талаар та юу гэж бодож байна? Тэр тусмаа гадаадын боловсролын хөтөлбөрөөр гэрээсээ хичээллэх нь?
-Танхимаар хичээллэх нь мэдээж илүү сонирхолтой бас яг хийх гэж байгаа зүйлдээ төвлөрөхөд харьцангуй амар байдаг. Анги хамт олонтойгоо ч танилцана, хэлний мэдлэг ч сайжирна. Маш олон давуу талтай. Гэхдээ Монголдоо ирсэндээ илүү жаргалтай байгаа. Гэр бүлтэйгээ хамт, тэдэнтэй ярилцах цаг илүү олдож, бодох тунгаах, төлөвлөх зүйл илүү их байдгийг ойлгож байгаа. Эх орондоо гадаадад байгаа мэт суралцах бүрэн боломжтой. Тэр тусмаа онлайнаар. Наад зах нь эх орондоо хэзээ ч байр хоолны мөнгө үрэхгүй, бие даалтаа хийж дуусаад яаран сургууль руугаа гүйхгүй. Онлайн хичээл энэ бүгдийг хөнгөлж, илүү идэвхитэй суралцах боломжыг олгодгоороо давуу талтай болов уу гэж бодож байна. Гол нь өөрийн эрэл хайгуулаар мэдлэгийнхээ талыг олж авна. Манай сургуулийн профессорууд маш их тусладаг байсан. Тэнд мэдэхгүй зүйлээ санаа зовохгүй асууж болдог. Мэдэхгүй, чадахгүй зүйлээсээ ичиж болохгүй, яагаад гэвэл бид бүгд суралцагч шүү дээ. аль болох асуудлаа ярилцаж, зөвлөлдөж асууж байхад багш нар, профессорууд их дуртай байдаг. Зарим залуусд маань ичих, санаа зовох гэдэг бэрхшээл байдаг юм шиг анзаарагддаг. Түүнийгээ бид нээлттэй нэгэн болгож өөрчлөх хэрэгтэй. Тэгээд хичээл зүтгэлээрээ маш сайхан ирээдүйг бий болгож чадна гэж боддог. Мэдээж гадаадад сурна гэдэг асар их хөдөлмөр шаарддаг. Надтай адил олон зуун залуус эх орондоо ирсэндээ тун их баяртай байгаа байх.
Баярлалаа.
А.Сайханбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ