Баянхонгор: Хотоос иргэдээ хүлээж авахаа түр хойшлуулна

Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга А.Мөнхсайхан өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Баянхонгор аймгийн хэмжээнд Covid-19-ийн батлагдсан тохиолдол ес болоод байна. Үүнийг задалж үзвэл, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн нэг, "Сэмжид Хужирт” сувиллаас гурав, олимпийн цом аялуулахтай холбоотой голомтоос таван тохиолдол батлагдаад байна. Батлагдсан есөн тохиолдлын ойрын хавьтлын 270, дам хавьтлын 1350 иргэнд тандалт судалгаа хийж байна. Одоогийн байдлаар 230 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга А.Мөнхсайхан “Тэг зогсолт хийхгүй. Олимпийн цом аялуулсан багийнхан бүгд PCR шинжилгээтэй байсан. Тэгэхээр PCR шинжилгээтэй иргэд ирж байгаа ч итгэхэд хэцүү болчихоод байна. Учир нь шинжилгээ өгсний дараа халдвар авсан байх магадлал ч бий. Иймээс Улаанбаатар хотоос түр хугацаанд иргэдээ хүлээж авахыг хойшлуулж байгаа. Тархалтаа хумисны дараа иргэдээ татах асуудлыг ярьсан нь зүйтэй” гэв.

Мөн олимпийн цом аялуулсан багийн гишүүд Галуут, Заг, Жаргалант сумаар дайрч өнгөрсөн бөгөөд тус сумын иргэдээс ойрын болон дам хавьтлыг тодорхойлж тусгаарлалтад авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ