Вакцин хийлгэх бага заяа биш, их заяа шүү нөхдөө...

Монгол энэ янзаараа дэлхийн худал хуурмаг, бузар булайг булшилдаг газар болж хувирахнээ.
Хувираад ч эхэлсэн. Дэлхийн бүх бузар булайг Монголд авчирч булшилдаг болоод удсаныг бид харж чадахааргүй болтолоо тэнэг болж. Уран булшлах бол цаашаа.
Маргааш Рио Тинтог өмөөрсөн, хамгаалсан жагсаал төв талбайд өрнөхөд цагдаа нар юу ч хараагүй юм шиг явж байвал гайхах зүйл үгүй болсон. Монголд Угандаг дарангуйлсан Ад Аминий сүнс хэрэн хэсч, түүнийг харахын тулд бид баяр бахдалтайгаар алга ташиж байна. Үнэн байхгүй, ядаж шалдан явах хаан ч үгүй болсон ард түмэн мөнгийг үнсч, мөнгөнд сөхөрч, мөнгөнд боолчлогдож байгаагаа ухаарна гэхэд би итгэхгүй. Уг нь Монголын заяа их гэдэг.
Короно гэх аюулт өвчний харанга дэлхийн хүн зонийг айдаст автуулж байхад монголчууд мөнгө ярьсаар л сууна. Өвчин гэдэг хүсэх зүйл биш. Хүссэн хүсээгүй туслаа гэхэд эдгэх, үхэх хоёрхон л замтай. Элдэв сошиал, мэдээллийн дор хэн тусаад байгаа би тусахгүй байна шүү дээ гэж орилогсод ямар их байна вэ. Хэрэв тэр хүмүүст тусвал надад тусгачихлаа, хорлочихлоо гэж солиорогчидын армийн цэрэг болоод яваад өгнө. Гинжин урвал нь ингэж цаашаа хөврөнө.
Короно гэх аюулаас аврах ганц найдлага түүний эсэргүүцэх вакцин хийж эхлэнгүүт хэдэн эмэгтэйчүүд жагсч байна. Үр, ач нартаа үлгэр яриад сууж байх насны хүмүүс. Биднийг үр хүүхэд төрүүлэх боломжгүй, удмаар нь устгах гэж байна ч гэх шиг. Үнэндээ төрөлтийн биологийн нас нь өнгөрсөн хүмүүст энэ вакцин хор боллоо юу. Дэлхий нийтээр сайн гээд байгаа вакциныг тэр хэдэн эмээ галынхаа өрөөнд үлгэр ярьж суухадаа судалчихав уу. Тийм бол шинжлэх ухаанаар ч яах юм.
Сэтгүүл зүйн нэр барьсан хэдэн хүүхэн, элдэв сенсаац дэлгэгсэд гүйж очоод бүр цөсийг нь дэвэргэж орхино. Өнөөдөр бидэнд короногоос салахын ангижирахын тулд, түүнээс сэргийлэх вакцин тариулахаас өөр сонголт байхгүй. Мөнгөний дарангуйлал хаанчлалаа тогтоосон газарт эрүүл ухаантай хүн галзуу хүний эгнээнд шилждэг. Короногийн эсрэг вакцинаар биднийг устгах гэж байна гэж өдөржин төв талбай дээр орилчихоод орой нь ханцуйгаа шуугаад тариулах гээд нуугдаж зогсдог энэ цаг үеийн үнэн төрхийг сэтгүүл зүй нийтэд нээж өгөх хэрэгтэй. Харлуулж, гутааж байгаа нь энэ гээд мөнгөний төлөө улс үндэстэнээ сүйртэл харлуулж болохгүй.
Вакцин бидэнд дархлаа тогтооно. Зүгээр л нийгмээрээ, нийтээрээ энэ үнэнийг хэн нэгний эрх ашгийн төлөө бус өөрсдийнхөө, үндэстэнийхээ ирээдүйн төлөө нийгэмдээ уриалах ёстой. Ядаж нэг зүйл дээр ч гэсэн эрүүл ухаантай байж төрдөө талархаж, вакцинаа хийлгэцгээе. Мөнгөөр худалдаж авч чадахгүй эрүүл мэндийнхээ төлөө үнэн дэвсэлж, өвчинөөр улстөр хийхээ түр зогсооцгооё. Вакцин хийлгэх бага заяа биш, их заяа шүү нөхдөө.
Т.Очир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ