АН-ыг М.Тулгат, О.Цогтгэрэл нарын яг хэн нь удирдах вэ?

   Ардчилсан намынхан хэдэн хоног багагүй шуугилдаж, маргалдаж мэтгэлцсэний эцэст цахимаар болон цаасаар хоёр талд сонгуульдаж  дарга нараа сонгоцгоолоо. Тодруулбал, хоёр талд өрнөсөн энэхүү сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын дарга С.Эрдэний талаас М.Тулгат, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар сонгогдсон байна. Ийнхүү тэд хоёр талын намын даргаар тус тус шалгараад байгаа ч тэдний яг хэн нь АН-ыг удирдаж сонгуульд орох нь бас л тодорхойгүй байгаа юм. Ямартай ч хоёр талаас хамгийн олон саналыг М.Тулгат, О.Цогтгэрэл нар авсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягийн мэдээллээр М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан юм байна.

Харин О.Цогтгэрэл  дөрвөн нэр дэвшигчээс хамгийн олон саналыг аваад байна гэж Ц.Тувааны талынхан мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Нийт 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс О.Цогтгэрэл 55 хувиар нэр дэвшигчээ тэргүүлж байна" гэж мэдэгдэж байсан юм.

     Ардчилсан Намынхан намын даргын сонгуулийн өмнө аль аль талдаа буулт хийж өгч нэгдсэн байдлаар сонгуулиа зохион байгуулж чадаагүй бөгөөд цаашдаа энэ намыг дээрх хоёр эрхэмийн яг хэн нь удирдаж, ямар хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж хэрхэн сонгуульд оролцох нь ч одоогоор маргаантай хэвээр байна.

Д.Оюу


СЭТГЭГДЭЛ БИЧИХ