ЭМЧ НАР: Цар тахалтай 1,3 жил тэмцэж байгаа ч цалин хөлсөө хугацаандаа авч чадахгүй байна

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Цар тахлаар ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын заримд нь илүү цагийн хөлс олгоогүй, заримд нь дутуу олгож байна гэж тус холбооныхон хэлж байна. Хөл хорионы үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэв.
"Цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна.
Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.
Мөн цар тахлын энэ хүнд цаг үед эмнэлгүүдэд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЭМД-ын сангаас дүүргийн Эрүүл мэндийн төвүүд санхүүжих болсон нь тус эмнэлгүүд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй байгаагаас ажилчдын цалин хөлс, урамшуулал хүрсэн түвшнээс буурах хандлага бий болж байна. Энэ нь эмнэлгүүдэд Ковид-19 цар тахлын үед халдвартай иргэдийг эмчлэх ор бэлэн байлгах үүднээс ердийн өвчлөлтэй иргэдээ хэвтүүлэн эмчлүүлэх боломжгүйгээс орны эргэлт буурсан нь санхүүжилтэд шууд нөлөөлж байна гэж үзэж болох м.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа хэрнээ нэг сард
- их эмчийн дундаж цалин 750 мянгаас-850 мянга төгрөг
- сувилагч мэргэжилтэн 670-720 мянган төгрөг,
- эрүүл мэндийн ажилтан 470 мянгаас-500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажилтнуудыг 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна.
Цар тахлын үед голомтод эмч, ажилтнуудын нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авч Ковид-оор өвдөх тохиолдлууд ч нэмэгдсээр байна.
Мөн голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээллээ.
Засгийн газарт хүргүүлэх мэдэгдэлд:
1. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
2. Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ