Эдгэрсэн хүмүүс: Халдвар аваад бусдад төвөг удсан байх вий гэж их санаа зовсон

Ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс өөрийн түүхээс хуваалцлаа. УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар "Хүмүүсийн дунд ганц айдаг зүйл нь "Би Ковид туссан" гэж хэлбэл нийгмийн ялгаварлан гадуурхалт гэж хамгийн аюултай цар тахалд өртөх вий гэсэн айдас хүн бүхэнд байдаг юм байна" гэсэн бол н. Ялгуун "Бусдад төвөг удсан байх вий гэж их санаа зовсон" тухайгаа хэллээ.
Уран нугараач О.Цэцэглэн:
"2020 онд Дубайд усан онгоцонд халдвар авсан. Эхлээд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан юм. Гэтэл удалгүй амтлах үнэрлэх мэдрэмжээ алдаа 7-10 хоносон. Миний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Би дотроо тусчихлаа гэдгээ мэдсэн ч баталж чадаагүй. 2020 оны долоодугаар сард Монголдоо ирээд эсрэгбиетийн шинжилгээ өгснөөр өөрийгөө халдвар аваад эдгэснээ мэдсэн" гэжээ.
УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар:
"Манай театрын 112 хүнээс PCR шинжилгээ аваад маргааш нь хариу нь гарахад 54 хүнээс халдвар илэрсэн. Анх энэ өвчнийг тусна гэж бодоогүй. Халдвар ингэж өргөн тархсан нь манай мэргэжлийн онцлогоос шалтгаалсан байх гэж боддог. Тайзан дээр масктай тоглож болохгүй учраас тэгж тархсан байх гэж боддог.
Хүмүүсийн ганц айдаг зүйл нь "Би Ковид туссан" гэж хэлбэл нийгмийн ялгаварлан гадуурхалт гэж хамгийн аюултай цар тахалд өртөх вий гэсэн айдас хүн бүхэнд байдаг юм байна. Энэ ялгаварлан гадуурхалтыг тэвчиж огт байхгүй болгох хэрэгтэй" гэлээ.
Иргэн н. Ялгуун: "Өөрийгөө өвчин тусахгүй гэж бодож байсан. Ерөөсөө итгээгүй байтал их цочролд ордог юм билээ. Олон хүнд төвөг удсан байх вий гэж санаа зовдог юм байна. Надаас болоод манай ажлынхан бүгд хорионд орсон" гээд "Хэрвээ би зурагтаар яваад байгаа зөвлөгөөг дагаж хэрэгжүүлсэн бол тусахгүй байж болох байсан юм байна гэж бодсон" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ