П.Батхуяг: Юунд ч юм бэ хоргодох, зууралдаж зунгааралдах хүсэл надад үгүй

-Юуны өмнө хэвлэгдээд удаагүй байгаа дөрвөн номынхоо талаар ярих уу?
-Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бичсэн богино өгүүллэг, тууж, жүжгийн зохиол, эсээ шүүмж, нийтлэл, яруу найргийн бүтээлүүдээ хэвлүүллээ. Яруу найргийн "Намар гэрэлтэх үгс", жүжгийн зохиолын "Чулуун бөмбөрийн нүргээн", эсээ судлал, эсээ шүүмж, нийтлэлийн "Эсээ оршил буюу элдэв эсээс", богино үгүүллэг, туужийн "Нохой далайн зомгол" нэртэй түүвэр байгаа юм. Эсээний номны тухайд эхлээд эсээ бичих арга зүйн талаар бичсэн өгүүллүүд, тэгээд залгаад төрөл тус бүрээр шахуу бичсэн эсээнүүдээ нэгтгэсэн, бараг сурах бичиг гэмээр ном л доо. Харин жүжгийн түүврийн тухайд ихэвчлэн нэг хүний жүжиг. Хүүрнэл зохиолын түүвэр маань арваад богино өгүүллэг, хоёр туужаас бүрдсэн юмаа.
-Таны хувьд сүүлийн үед сонин ихтэй байгаа бололтой. Шинэ номууд гарлаа, шинэ албан тушаалд очлоо гээд л...
-Номнуудаа хэвлүүлсэн нь миний хувьд сонин сайхан хэрэг болж байна. Түүнэс өөр сайхан зүйл зохиолч хүний хувьд ховор биз. Харин албан тушаалын хувьд зүгээр л наргисан юм. Дөрөвдүгээр сарын нэгэн гээд найз нөхөд, ойр дотнын хүмүүсээ жаахан хуурчихлаа. Тоглоом шоглоом, инээд наргиа боловч цаанаа нэг бодолтой тийм үйлдэл хийсэн гэх үү дээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хандлагыг тандаж орхисон ёж үйлдэл. Тэрнээс биш би албан тушаал огт сонирхдоггүй.
-Зохиол бүтээлийг нь хүлээдэг, өөрийн гэсэн уншигчидтай цөөн зохиолчийн нэг бол яах аргагүй та...
-Өнөөдөртөө тийм ч биз, маргааш яахыг хэлж мэдэхгүй. Би уншигчдаа бараг танина. Залуус л голдуу байдаг юм. Тэдэнд гологдох хүртлээ бичих санаатай. Ажил мэргэжилдээ ч юм уу зохиолчийн хувьд цагаа дууслаа гэж мэдэрвэл уран зохиолоос зүгээр л яваад өгнө. Юунд ч юм бэ хоргодох, зууралдаж зунгааралдах хүсэлгүй. Магадгүй зөнөчихөөд зүүлэг царайлаад, амьтны элэг доог болсноос нам гүмхэн суугаад, эхнэрийнхээ цайг уугаад эрлэг найзаа хүлээхийг илүүд үзнэ.
-Ер нь энд тэнд алба хашилгүй ном бичиж хэвлүүлээд амьдрах нөхцөл Монголд хэр байдаг бол?
-Хангалттай байгаа. Тийм зохиолчид манайд цөөнгүй л байна шүү дээ. Нэг талдаа олон юманд сатаарахгүй, зохиолоо бичээд суух чинь сайхан байж таарна. Тэгэхээр манайд зохиолчийн амьдралын тийм түгээмэл хэв маягаар амьдрах боломж байна гэсэн үг. Харамсалтай нь миний хувьд тэгж амьдрах юмсан гэсэн их хүсэл байвч санаснаар болохгүй л байгаа юм. Тэгээд ч болохгүй юм болдоггүй хойно. Хэдэн жилийн өмнө нэг солонгос хүүхдийн зохиолчийн гэрт уригдсан юм. Ном зохиолд нь биш өөртөө гайхалтай орчин бүрдүүлж бас бичихээс өөр юм хийдэггүйд нь үнэндээ атаархаж билээ. Бас нэг асуудал байна. Дэмий баахан ном бичээд дэлхийгээр нэг зарагдаасай гэж мөрөөдөж суухаар алба ажил хийгээд амьтан хүнтэй сайдаж муудаж явсан нь ч дээр байж мэднэ.
-Таны дараагийн номыг хүмүүс бас хүлээж байгаа болов уу?
-Эхлээд өмнө нь болоод сая хэвлүүлсэн энэ хэдийг минь хүсвэл уншина биз. Хувь хувьсгал нь бүрдвэл би удахгүй шинэ роман бас нэг эсээний ном хэвлүүлэх санаатай. Хүлээх нь хүлээж байгаа биз, хялайх нь хялайж л таарна даа.
-Монголд арай олон зохиолч байна гэж та боддог уу?
-Ямар ч улс үндэстэнд наймаачин биш найрагч, зөвлөх биш зохиолч олон бол дээр байж мэднэ. Миний л бодол шүү, буруу ч байж магад. Олз ашиг дундаа овоорч суухыг хүсдэг манай нийгмийн зарим хэсэг, зохиолчдыг зорилгогүй, золбоогүй, золгүй амьтад гэж хардаг юм биш үү? Тийм бишийг харуулах хэмжээний зохиолчид л бүр олон байгаасай гэж хүсдэг. Зиндаагаа мэддэг, хамжаагаа таньдаг нь л олон бол хэд ч байсан яах вэ дээ. Олон тусмаа л сайн.
-Миний бодлоор зарим зохиолч уран зохиолыг мөнгө олох хэрэглүүр болгоод байх шиг...
-Ерөөсөө л ном бичих чинь ачаа зөөж, арилжаа наймаа хийх шиг л амьдрах нэг арга шүү дээ. Энэ ертөнцийн олонх зохиолч номоо зарж, амьдралаа залгуулах гэж яваа юм, хөөрхийс. Бас тийм бодолгүй зохиолчид ч олон байдаг. Анхнаасаа л уран зохиолыг ямар хэмжээнд ойлгож, таньж мэдсэнээс хамаарч мөнгө олох боломж гэж хараад гүйж яваа нь ч байна. Мөн чанарыг нь арай өөр гэж ойлгоод оюун санаагаа зовоогчид ч байна. Эцсийн эцэст ямар ч арга замаар давшилж байгаа нь гол биш харин энэ улс үндэстнийхээ уран зохиол, хэл соёлд л гавьяа байгуулахгүй юм аа гэхэд гай тарихгүй байхыг хичээх нь чухал. Бусад нь яах вэ дээ, цагийн юм цагтаа гэдэг биз дээ?
-Та бусад зохиолчийг хэр уншдаг вэ? Хамгийн сүүлд хэний ямар ном уншив?
-Уншихаа л уншдаг, уншихгүйгээ үгүй. Энэ он жилүүдэд чинь өөртөө нэг шалгуур бий болгочихсон. Тэр л шалгуураараа хэмжинэ дээ. Миний шалгуурт тэнцэх, тэнцэхгүй нь эхний хуудаснаасаа л мэдэгдэнэ. Надад цаг хайран, дэмий зүйлд их үрмээргүй санагдах болсон. Насны онцлог ч байж мэднэ. Тиймээс унших минь өмнөхөө бодвол арай багассан байх. Гэхдээ л тасралтгүй уншиж, судалж, ухаан мэдлэгээ унтаа болгочихгүйг хичээж байна. Уншдаггүй зохиолч угаасаа урсдаггүй ус шиг болдог юм. Мөдхөн л хонхон дотроо ногоороод хатаж ширгэх шалбаагтай адил болно. Унших гэдэг чинь уулнаас ус урсаж ирээд хотгор хонхорт тогтсон болгоныг сэлбэж байдагтай адил ухаанаа л сэлбэх явдал.
Хамгийн сүүлд гэснээс Юдит Шаланскийн "Алдагдсан зүйлсийн жагсаалт" романыг, Солонгосын Жин Уогсобын "Цор ганцхан", Баярхүүгийн Ичинхорлоогийн "Зүрхэнд үлдэнэ" гурвыг л харж сууна.
-Танд олон зохиолч, яруу найрагч шавь бий. Тэднээс илүү сайныг нь нэрлээч гэвэл...
-Би хэн нэгний нэрийг дурдахыг хүсэхгүй байна. Намайг нэр дурдсан дурдаагүй цагаа эзлээд л тодроод гараад ирнэ. Би багш нартаа "ачийг нь хариулах гэж сүйд болохгүй юм аа гэхэд тусыг нь бүү март" гэдэг зарчмаар л хандаж ирсэн. Шавь нараа ч гэсэн тийм байхыг хүсдэг. Хэрэгцээ нь дуусангуут харилцаа нь дуусдаг одооны зарим хүүхдэд үнэндээ дургүй. Дургүй гэж сүүлдээ л тийм болчихлоо. Нэг их хүндлэл нэхсэн гоншгонуур этгээд болж байгаа юм биш гэж дотроо бодож л сууна. Гайгүй байх аа. Өнөө "Хүн бүгдийн багш бол хэний ч багш биш. Хэн нэгний багш бол жинхэнэ багш" гэсэн үгээр хэмжвэл миний л хайртай байсан, одоо ч хайртай дүү нар минь өсөж өндийгөөд өмнөөс үг хэлэх, өөдөөс цоролзох үедээ ирж байна. Би тэднийг тийм болохыг л хүссэн. Түүнээс биш миний сүүдэр шиг дагаж, сүүл шиг шарвалзаж явахыг хүсээгүй. Саяхан нэг зохиолч намайг "Хэдэн гөлөг тэжээчхээд" гэж загнаж байна билээ. Тэжээсэн гөлөг битгий хэл угжсан хургагүй юмнуудад хэлэхэд Монголын уран зохиолын маргаашийг миний хэдэн шавь тодорхойлно. Гүйцээ...
-Мэргэжлийн зохиолч Монголд бий юу?
-Бий. Мэргэжлийн тамирчин, боксчин гэдэг шиг тийм тогтсон үнэлэмж хэмжүүр гэхээсээ илүү ямар төвшинд сэтгэж, урлаж, улс үндэстнийхээ оюун санаанд далайц нэмж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, нэг бүхэл бүтэн үеийг араасаа дагуулж, манлайлж чадаж байгаа гэдэг хэмжүүр тавибал атаархаад ч хэрэггүй Г.Аюурзанаас өөр хүн алга.
-Онгод байдаг үгүй гэдэг асуулт их маргаан дагуулдаг. Таныхаар онгод бий юу?
-Онгодыг бичих зүйлийнхээ талаар бодол ханах цаг, бичих гэсэн хүсэл төрөх цэгийн уулзвар гэж боддог. Батбаяр багш ч тэгж хэлсэн юм. Бодол ханаад бичмээр санагдаад ирэх үед өөрт төвөггүй, аятайхан урсаад биччих шиг санагддаг юм. Бас бичих хүсэл дотроос аяндаа хатгаад ирдэг. Уг нь маргаад байх шаардлагагүй зүйл. Хэн оюун санааны хувьд төвлөрч чадна, түүнд мэдрэгддэг мэдрэмж.
-Таны онгод хэзээ ордог вэ?
-Хүлээж, хундага юм уугаад хурайлж дуудаж үзээгүй. Үнэндээ онгодтой эсэхээ ч сайн мэдэхгүй юм байна. Тэгэхээр хэзээ яаж гүйгээд ороод ирдгийг нь мэдэхгүй юм байна. Заримдаа хорь, гучин хуудас хоёр гурван цагт биччихсэн байдаг юм. Заримдаа зуун үг тавих гэж зургаа долоо хоносон ч байна. Бодвол толгойд орж ирсэн тэр санаа тогтоох аргагүй цалгиад байх үед л салхи шиг орж ирчхээд, санамсаргүй сууж байтал гараад явчихдаг хэрэг.
-Та зохиол, шүлгүүдээсээ илүү сайн болсныг нь нэрлээч...
-Би эсээ, богино өгүүллэгүүдээ онцлох дуртай. Тэр тусмаа "Долоо хоногийн бороо", "Хүрэл зүрх", "Загас мэт" гээд хэдэн өгүүллэгээ нэрлэмээр байна. Ер нь өөрөөс төрсөн болохоор бүх л зохиолоо муу болсон гэж боддоггүй. Эрнест Хемингуэй хэлсэн санагдана, "Миний зохиолуудыг яллаж, ялгахыг нь та нарт үлдээе" гэж. Тэгэхээр та нарт л үлдээе.
-Ингэхэд та ямар сургууль төгслөө? Танай ангийнхнаас цөөнгүй яруу найрагч, зохиолч гараа байлгүй?
-Би чинь Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгссөн. Очирбатын Дашбалбар багшийн яруу найргийн семинар, өрнийн уран зохиолын хичээлд сууж, Цэвэгжавын Хасбаатар гуайгаар уран зохиолын онол заалгаж, Далантайн Цэрэнсодном, Пүрэвийн Хорлоо, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Цэдэвдоржийн Базаррагчаа, Хөхөлбөөгийн Лхагвасүрэн нараас номын дуу сонссон. Баасангийн Наминчимэд, Дашийн Оюунчимэг, Ренчиндоржийн Энхтуяа, Цэндийн Доржсэмбэ, Гончигийн Ням-Очир нартай нэг анги болж, уйлж дуулж, унаж тусаж явсаар дөрвөн оныг үдсэн дээ. Арван жилийн сургууль төгсөөд л эцэг эхээсээ зөрж шахуу ийм сонголт хийсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Гадна дотнын нэртэй сургууль төгссөн нэрнээс цаашгүй гавьтай юм хийгээгүй хүмүүсийн дэргэд манай ангийнхан нэртэй ч, номтой ч уран бүтээлчид болжээ.
-1990-ээд оны дунд үеийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчдийн нэг Ц.Доржсэмбэ агсны хөрөг бичсэнийг тань уншсан. Та хоёр хэр дотно байв?
-Ц.Доржсэмбэ бол авьяастай яруу найрагч. Амьд сэрүүнд нь би бараг арваад хөрөг, шүүмж, бас шүлэг зориулж бичсэн. Энэ хатуу хайруу амьдралд түүнд тусалж болох миний хэр хэмжээ тэр байсан байж таарна. Нэгэн цагт ойр дотно явсаан. Нэгэн цагт хол хөндий болсон. Надаас бас түүнээс шалтгаалсан хэрэг. Би түүнд хайртай байсан учраас хатуу үг ч цөөнгүй хэлж, нүүр өгөхгүй, нүд үзүүрлэж байгаа мэт хандсан. Худлаа өрөвдөхийг хүсээгүй. Тэгээд ч хүн өөрийнхөө замаар яваад, өөрийнхөө эрхээр л дуусдаг шүү дээ. Өөртөө л сайхан байсан бол бусад нь юу гэх ямар ч хамаагүйг би түүнээс ойлгосон. Би худлаа араас нь "Анд найз минь, анд найз минь" гэж шогшрогч биш амьдад нь итгэл төрүүлж, урам өгөхийг хүссэн.
-Сайн зохиолч болоход авьяас чухал уу, хөдөлмөр үү?
-Товчхон л хариулъя. Аль аль нь чухал. Курт Воннегут "Авьяас бол байдаг л нэг зүйл. Хамгийн чухал нь зохиолч хүний амьдралыг тэсвэрлэн даах явдал. Энэ бол яг л ханан дээр Сикстиний сүмийн адрыг гараараа зурахтай адилхан" гэсэн байдаг юм. Ерөөсөө л энэ.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ