ЭМЯ-наас баримталж буй тусгаарлах хоног орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица "Шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг өгч ирсэн жишгээрээ цаашид өгөөд явна. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье" гэв.
Covid-19 өвчин туссан ч гэрээр эмчилгээ хийлгэж буй хүмүүст тавих хяналт, тэдний биеийн байдлыг тогтмол хянах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага байна.
Эдгээр хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн нөхцөлд яаралтай эмнэлэгт хүргэх зохицуулалтыг анхаарч ажиллах нь чухал гэдэг дээр хоёр тал санал нэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллаж буй талаараа зөвлөлдсөн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "covid-19 өвчний нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч буй. Гэвч нөхцөл байдал амаргүй. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Иймээс зөвхөн covid-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүйгээр энэ тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байна" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ