Ш.Лхачинжав: Оргосон хоёр цэргийг мотоциклоо орхиод цааш явсан мөрөөр нь мөшгиж байна

         Сүүлийн үед цэргийн алба тойрсон таагүй мэдээ гарсаар байна. Үүний нэг нь өчигдөрхөн 18 цаг 30 минутад Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн заставд болсон харамсалтай хэрэг явдал юм.   

          Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч үүрэг гүйцэтгэж явах үеэрээ харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Тухайн асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

         Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав:

- "Хилийн цэргийн 0214 ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өчигдөр 18.00 цагт байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаа үүрэг гүйцэтгээд ирэх явцад харуулын дарга нь манаагаа шалгаж, буу туршихад манаа гал нээж харуулын даргаа хөнөөгөөд зугтсан  байна. Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03 цаг 30 минутад Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очиж, одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуул, ангийн бүрэлдэхүүнтэй баг мөрдлөгийн ажил хийж байна. Хоёр цэргийн албан хаагч харуул дээр үлдсэн. Үлдсэн хоёр цэргээс манаанд явж ирээд ийм үйлдэл хийсэн гэдэг мэдээллийг өгсөн. Бид үлдсэн хоёр цэргээс харуулын даргын зүгээс цэргүүдэд янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн үү гэдгийг тодруулсан. Цэргүүдийн мэдээлсэнээр ямар нэг дарамт шахалт байгаагүй гэсэн. Тэр ч бүү хэл харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг, уралдаан тэмцээнд дэд байрын шагнал хүртэж байсан, шүлэгч эх оронч залуу юм. Амиа алдсан харуулын дарга гэр бүлтэй 3 хүүхдийн эцэг байсан. Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Тэд 2020 оны 10 дугаар сард татагдсан. Цэргүүдийн сэтгэлзүйд ямар нэгэн анхаарал татахуйц зүйл мэдэгдээгүй. 

Хоёр цэрэг Алтай сумын М гэгчийн айлд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Улмаар Алтай сумаас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан байна. Одоо мөрийг илрүүлээд мөшгөж байна" гэв. 

      Ийнхүү өргөсөн тангарагаа умартаж даргынхаа амь насыг хороогоод оргосон 19 настай хоёр залуугийн ирээдүй, харамсалтайгаар амь үрэгдсэн алба хаагч, түүний ар гэрийнхний хувь заяа элэг нэгт Монголчуудын сэтгэлийг бас л түгшүүлсэн хэвээр байгаа юм.

Н.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ