Говь-Алтай аймгийн Алтай суманд эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд харуулын байраа орхиж зугтсан хоёр цэргийг эсэн мэнд баривчилжээ. Тэд хэргийн газраас зугтахдаа буутай, 45 ширхэг сумтай зугтсан учир хэн нэгний аминд хүрэх вий, эсвэл өөрсдийгөө хороочихвий гэсэн айдас байсан ч ийнхүү эсэн мэнд баригдсан байна.
Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" болохыг мэдээллээ.
Хэргийг сануулбал, Говь-Алтай аймаг дахь Хилийн 0214 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж, хөнөөгөөд хэргийн газраас зугтсан. Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн зугтсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ