Гавьяат багш С.Жамьянхорол: "Эгшиглэнт чимээ" хамтлагийн маань хөгжмөө шиддэг хүү л гэхэд долдугаар ангийнх болчихсон шүү дээ

Тус хамтлагийн "загалмайлсан эцэг", дуу хөгжмийн багш С.Жамьянхоролтой ярилцлаа. Хамтлаг нь "Авьяаслаг монголчууд"-ад түрүүлсний дараахан түүнийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын гавьяат багш цолоор шагнасан билээ.
-Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө танилцуулаач...
-Би 1957 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1974-1976 онд тухайн үеийн ЗХУ-ын ХАА-н ТМС-д суралцаад, Сэлэнгэ аймгийн Хүдэрийн сангийн аж ахуйд ажилласан. Тэгээд 1980 онд Улаанбаатарт Ардын армийн 124-р ангийн хөгжмийн салаанд гурван жил алба хаасныхаа дараа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын модны үйлдвэрт ажиллалаа. Тэгэхдээ үйлдвэрийнхээ соёлын ордонд уран сайханч хийн, сайн дурын "Ардын цирк"-т жүжигчин болж, хажуугаар нь ерөнхий боловсролын оройн сургуульд суралцсан даа. Тэр үеийн аймгийн боловсролын газрын хөгжмийн багшийн курст сууж, 1989 оны намраас Тосонцэнгэл сумын найман жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн.
-Боловсролын салбарт хэдэн настайгаасаа зүтгэв?
-29 настайдаа багш болсон хүн дээ, би. Цэрэг болж хөгжмийн салаанд ороод хөгжимтэй ойрхон болж эхэлсэн юм болов уу даа.
-Та яаж яваад урлагтай тэр тусмаа дуу хөгжимтэй амьдралаа холбочихов оо?
-Завханы Тосонцэнгэлд ажиллаж байхдаа буюу 1990-1995 онд найман жилийн нэг болон гуравдугаар сургуульд дуу чимээний "Аялгуу" нэртэй цохиур хөгжмийн хамтлаг байгуулаад тоглож эхэлснээс хойш хүүхдүүдтэй ажиллах гараа минь эхэлсэн гэж боддог. Дараа нь Эрдэнэт хотын арван жилийн гуравдугаар сургуульд "Ардын аялгуу" нэртэй цохиур хөгжмийн хамтлаг байгуулан ажиллаж эхэлсэн. Тэр хооронд Улаанбаатарт Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хөгжмийн багшийн сургалтад хамрагдаж төгссөн. Харин Дарханы "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд "Эгшиглэнт чимээ" хамтлагийг байгуулж, 2018 он хүртэл ажилласан.
Ингээд бодохоор ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан тухайн цаг үед тэрхүү орчны хүмүүс урт удаан, олон жилийн түүхтэй энэ хамтлагийг тодорхой хэмжээнд мэдэх нь мэддэг байсан л даа. Гэхдээ "Эгшиглэнт чимээ"-г Монголын ард түмэнтэй танилцуулсан нь "Авьяаслаг монголчууд" шоу гэдэгтэй санал нэг байдаг шүү. -
-Тэгвэл энэ шоунд яагаад оролцох болов?
-Тэр үед 2015 онд манай дунд охин Японд суралцдаг байсан юм. Охины маань төгсөлтийн баяр 2015 оны эхээр болоход уригдаж очсон би гуравдугаар сарын дундуур Японоос ирлээ. Тэгэхэд л хамтлагийнхны маань эцэг эхчүүд " Дарханд нэг ийм тэмцээн зохиогдохоор болсон байна. Орох уу, яах вэ, багш аа?" гэсэн. Тэгээд л бид үзээд алдахаар шийдсэн дээ.
-Ямар шатанд ямар бүтээлээр оролцлоо?
-Ихэнх хөгжим маань пентатоник хөгтэй байсан тул ардын болон хүүхдийн дуунуудыг хөгжимдөж байсан ч шоуны явцад диотоник, зарим хөгжмөө бүр хроматик болгон баяжуулж сонгодог хөгжмийн бүтээлээс ч мөн хөгжимдөж оролцсон.
-Хамгийн хэцүү шат нь гэвэл? Ер нь та нар бэлтгэлээ өдөрт хэдэн цаг базааж байв?
-Үнэнийг хэлэхэд тийм ч амархан байгаагүй ээ, бүх шат нь. Ганцаараа орж байгаа дуучин, хөгжимчин бол ая бичлэгээ өгнө, ганцаараа тайзан дээр гарна, гүйцэтгэнэ, бас ч учиртай. Харин манайх 35 хүүхэд, 35-36 хөгжим, ширээ, тавцангийн байрлал, жигдрэл, тоглолт, хөгжимдөх чадвар, дуугаралт, найруулга, энэ бүхнийг жигдлэн гүйцэтгэх тийм ч амар байгаагүй нь мэдээж. Манай 35 хүүхэд 4-16 насны хооронд л байсан шүү дээ. Тэр үед бид нар долоо хоногт өдөр бүр заавал 4-6 цаг бэлтгэл хийдэг байлаа. Долоо хоног бүр шинэ уран бүтээл гаргаж тавина. Дахин хэлэхэд амархан шат бидэнд байгаагүй ээ.
-Та хамтлагийнхаа хүүхдүүдийг ямар шалгуураар авдаг байв?
-Мэргэжлийн сургалт өндөр шалгууртай байх нь тодорхой. Манай хамтлагт ороход хөгжмийн сонсгол, авьяастай байх хэрэгтэй. Дээр нь сонирхол, хүсэл, идэвх байх зайлшгүй шаардлагатай.
-Бага насны хүүхдүүдтэй ажиллах мэдээж хэцүү байх...
-Тийм ээ, амар биш ч сайхан ажил шүү.
-Ингэхэд "Эгшиглэнт чимээ"-г байгуулах санаа яаж төрөв?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байхдаа МУАЖ Нацаг багшийн циркт дөрвөн төрлийн хөгжим тоглодог байлаа. Тэрнээсээ санаа авч энгийн зүйлсээр хөгжмийн зэмсэг бүтээгээд, хүүхдүүдэд зааж сургах зорилгоор сүүлийн 30 гаруй жилийг өнгөрүүллээ. Ер нь энэ хугацаанд энгийн зүйлсээр хөгжмийн зэмсэг хийж бүтээх гэж оролдсон гэхэд болно доо.
-Та нар энд тэнд тоглодог байсан уу?
-Ялангуяа Дарханд 2001-2018 онд бараг бүх том арга хэмжээнд бид тоглосон шүү. Энэ хугацаанд "Эгшиглэнт чимээ" оролцоогүй томоохон арга хэмжээ тун цөөхөн болов уу.
-Хамтлагийн "гол зэмсэг" болох хүү одоо хэддүгээр анги вэ?
-Өнөөдөр манай хамтлагийнхнаас хоёр хүүхэд СУИС-д, гурван хүүхэд Монгол улсын консерваторид сурч байна. Бас долоон оюутан бий. Хамгийн бага охин тавдугаар ангид, хөгжмөө шиддэг хүү маань долдугаар ангид сурч байна даа.
-"Авьяаслаг монголчууд"-ад түрүүлсний дараа урилга, заллагад дарагдаа биз?
-Нэг хэсэг үнэхээр их хэцүү байсан шүү. Энд тэндхийн элдэв арга хэмжээний урилга, заллага ёстой салаагүй. Дээр нь танилцах, хүндэтгэх, хүлээж авах, ярилцах, холбоо харьцаа тогтоох, хамтран тоглох явдал маш их. Бид 2018 онд Завхан аймгийн Тэлмэн сум, Тэлмэн нуур хүртэл явах замдаа ганц нэг газар тоглосон. Бас БНСУ, Втетнамд тус бүр арав хоног тоглоод ирсэн шүү.
-Таны тухай баримтат кино хүртэл гарсан...
-"Миний амьдралын хуудсууд" нэртэй баримтат киног маань 2018 онд "Тэгш тойрог" кино компанийн залуус бүтээсэн л дээ. Нэг цаг 15 минутын кино.
-"Авьяаслаг монголчууд-2015"-д танай хамтлаг хэдэн санал авч түрүүллээ?
-Ямартай ч "түрүүллээ" гэдэг үгийг л сонссон. Одоо эргээд бодоход тэдэн хувь гэж хэлсэн юм болов уу?
-Шагналын 100 сая төгрөгөө яаж хуваасан нь хүмүүсийн сонирхлыг их татдаг юм билээ...
-Хүмүүс мөнгөний тухай их ярьдаг л даа. Юутай ч 35 хүүхэд маань 35 саятан болсон. Тэр мөнгийг нь хадгаламжинд хийж өгсөн.
- "Эгшиглэнт чимээ" хамтлаг одоо бий юу?
-Манай хамтлагийн хөгжим миний байсан, байгаа газар байдаг юм. Учир нь хөгжмүүдээ би өөрөө хийдэг болохоор тэр. Одоогоор хөл хориотой байна. Энэ хамтлагийг бий болгох хэрэгтэй байна гэвэл, хүүхэд, сургууль, байр нь бэлэн бол 15-20 хоногт байлгаж болно. Хамтлагаас маань гарсан гурван үеийн хүүхдүүд урлагийн боловсролоо олоод зогсохгүй өөр өөрсдийн амьдралын нэгэн сайхан дурсамжийг бүтээсэн. Тэднийг хамтаараа нэг хүн шиг байж хэрхэн амжилтанд хүрч болохыг харуулж чадсан нэгэн жишээ болсон гэж боддог.
Хүүхдүүд маань хэзээ ч цуглаад, хаана ч тоглосон бэлээн. "Эгшиглэнт чимээ" хамтлаг хэзээд байх болно.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ