"Рио тинто" компанийн төлөөлөлтэй хийх хэлэлцээ эхэлж байна

Өнөөдөр Засгийн газрын ажлын хэсгээс Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио тинто" компанийн төлөөлөлтэй хийх хэлэлцээ Төрийн ордны Сүхбаатар танхимд эхэлж байна. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал б.Болд нар хоёр талаас ахлан хэлэлцээг эхлүүлээд байна.   Рио Тинто"-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд "Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талд нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна" гэж үүний өмнөх цахим уулзалтын үеэр онцолж байсан юм.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа танилцуулах үеэрээ "Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто"-д санал тавьсан хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. “Оюутолгой”-н гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана" хэмээн хэлсэн билээ.   Энэ удаагийн Оюутолгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын Түр хорооны гишүүн Г.Тэмүүлэн бичиж уулзалтын зургийг нийтэлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ