Өмнөд Суданд алба хааж буй Монголын энхийг сахиулагчид тус улсын шархадсан иргэдийг аварчээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад алба хааж буй Монгол Улсын энхийг сахиулагчид Вараб мужийн алс нутагт болсон малын хулгайнаас үүдэлтэй амь насны аюулт халдлагад өртөж, шархадсан иргэдэд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлсэн болохыг Нэгдсэн Үндэсний байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн мото буудлагын батальоны холын эргүүлийн гуравдугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Гэтэл дөрөвдүгээр сарын 3-ны шөнө “Маёом” сууринаас 20 гаруй километрт орших “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдлага үйлдэж, буудалцаан болсон байна. Энэ үеэр зэвсэгт дээрэмчдээс дөрөв, халдлагад өртсөн энгийн иргэдээс 23, нийт 27 хүний амь үрэгдэж, 25 хүн шархаджээ.
Энэ үеэр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид хэргийн газар шуурхай очиж, орон нутгийн эмч нартай хамтран шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, “Манкиен” суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү зөөвөрлөсөн байна.
Тус бүс нутагт орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэн нөхцөл байдал хурцдаж байгаа аж.
Түүнчлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, шархадсан иргэдийг богино хугацаанд аюулгүй зөөж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан монгол цэргүүдэд “Маёом” суурины дарга Хон Жеймс Чуол Гатлуак талархлаа илэрхийлсэн болохыг Монгол Улсын Батлан хамгаалахын яам мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ