Хайран ч залуус минь, хайранчиг хүүхдүүд минь...

Эр цэргийн албаа хааж байсан хүү алба хааж буй ангидаа амиа алдав. Хил хамгаалах салбарт хоёр цэрэг харуулын ахлагчаа егүүтгээд оргон зайлав. Армид дэглэлт байна, даргыг нь соль, удирдлагыг нь огцоруул, армийг шинэчил, хүүхдээ цэрэгт явуулахгүй гэсэн сөрөг хандлага нийгэмд ихээхэн газар авлаа. Цэргийн анги салбарыг буруутгасан, хил хамгаалах албыг харлуулсан үгс ч хаа сайгүй цуурайтах болов. Асуудал аль аль талдаа байх шиг. Албаа гүйцэтгэж яваад “алуурчин” болчихоод хоригдож эхлээд байгаа хоёр хүүгийн нэгнийх нь нагац ах хэвлэлд ярихдаа: Миний дүү чинь төлөв төвшин хүний үгнээс гардаггүй зөрдөггүй аядуу зөөлөн хүүхэд шүү дээ. Цэргийн албанаас ч шантрах хүн биш.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа "Аварга" БТДС-д бэлтгэл хийдэг байсан. Миний дүү чинь цэргийн албанаасаа шантрах хүн биш шүү дээ. Анх очоод албандаа маш дуртай, тэндээ улирч ажиллана гэж ярьж байсан. Яахаараа ийм зүйл болдог байнаа хэмээн халаглаж сууна. Тэгвэл ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл хийхдээ амиа алдсан харуулын дарга хамгийн шилдэг албан хаагч байсан. Оюунлаг, яруу найраг сонирхдог, цэргүүдэд шүлэг уншиж өгдөг байсан тухай цэргүүд хэлж ярьж байгаа. Талийгаач эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан юм хэмээн өгүүлсэн билээ.
Харин ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг мэдээлэл хийх явцдаа цэрэгт ирж буй залуусын чиг хандлагын талаар хатуухан үг хэлээд албан тушаалаасаа огцорч байх шиг. Үнэндээ дэлхийд үнэлэгдсэн Д.Ганзориг гэдэг хүн Монголын зэвсэгт хүчинд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Түүний ярьсан хэлсэнээс үүдэн ингэхэд цэрэгт хэн ирж байна вэ гэсэн асуулт аяндаа урган гарч байна.
Цэрэгт хэн ирж байна вэ?
СОЦ нийгмийн үед жаахан сахилгагүй, даруулагаггүй өссөн хөвгүүдийг багтааж, шингээх хоёрхон газар байв. Нэг нь ТМС нөгөөх нь цэрэг. За даа, манай энэ юм сурахгүй дээ, ядаж хүмүүжээд, мэргэжил эзэмшээд ирэг, ТМС-д л явуулья гэсэн чиг хандлага илт давамгай байв. Тэр үед сахилгагүй гэдэг нь гадуур тэнэх, үеийн хүүхдүүдтэй зодоон, цохион хийх, хэн нэгний гайгүйхэн эд зүйлийг дээрэмдэх, тамхи татах, жаахан хүндэрсэн нөхцөл нь архи уух байлаа.
Харин орчин үеийн хүүхдүүдийн сахилгагүй гэх ойлголт цаг үе,техник, технилогийн хөгжлөө дагаад тэр үеийнхээс их өөр болсон. Гадуур тэнэх, үеийнхэнтэй нийлэх гэдэг ойлголт нь баар хэсэх, архидах, шоудах, боломжтой нэгнийхээ орон байрыг эзгүйчилж зугаацах гээд “төрөл зүйл” нь олширсон. Түүнээс гадна техник, техниологи хурдацтай хөгжих тусам РС тоглоом улам бүр хөгжиж, түүнд донтох эмгэг нүүрлэв. Дээрээс нь болсон болоогүй ямар ч хараа хяналт, цензургүй одод гэх залуусын ТВ-ийн элдэв сериал, контент нэвтрүүлгүүд телевизийн суваг болгон дээр гарч, архидалт, янхандалт, хэт замбараагүй явдлын тухай маазарч ярих нь өсвөр насны хүүхдүүдийн тархийг зад угаах болов.
Энэ бүхэн дээр хар тамхи, бэлгийн замбараагүй хавьталтыг ид бах болгосон элдэв сурталчилгаа, солонгос савангийн дууриар хүмүүжигсэд маргааш цэрэгт явахаар нийгэмд дараагийн ээлжээ хүлээгээд байж байна. Эрэгтэй хүүхэд гэхэд зан аашийн хувьд төлөвшөөгүй, үг даах тэнхээгүй, хоёр үгний зөв бурууг ялгах мэдрэмжгүй, сэтгэлийн хат суугаагүй нялх “Сэнгүм”-үүд Улаанбаатар хот гэлтгүй Монголын хаа сайгүй “гунхалзаад” л алхацгааж байна.
Гэвч сая болж өнгөрсөн хэрэгт эрдэнэт хүний амь насыг бүрэлгэж, эх орондоо өргөсөн тангарагаасаа няцсан гэх хоёр залуу, амь насаа алдсан алба хаагч аль аль нь армийн шилдэг сайн алба хаагч байсан тухай ар гэр, алба хаагчид нь хэлж ярьцгааж байна.
“Байтаг богд” кинон дээр эрэлхэг эх оронч хилчидийнхээ амь үрэгдсэн мэдээг сонссон цэргийн дарга “Хайран ч залуус минь, хайранчиг хүүхдүүд минь хэмээн харуусдаг. Энэ бол эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа эцсийн амиа хүртэл өргөсөн баатарлаг гавьяа.
Харин энх цагийн залуус та нар минь эвээ умартаж, өргөсөн тангарагаа мартаад, даанч яав даа...
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ