БНХАУ-аас ирэх ачаа тээврийн ханш нэмэгдсэн асуудлыг шалгана

БНХАУ-аас тээвэрлэж буй тээврийн үнэ хөөрөгдөлтэй байгаа асуудлыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, үүрэг чиглэл авсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсандаа мэдээлжээ. 

Тодруулбал, өмнө нь 6000-7000 юанийн ханштай байсан тээврийн үнэ 25 000-35 000 болж огцом нэмэгдсэн, өнөөдөр ирж байгаа мэдээллээр, зарим тээврийн жолооч нар 26 сая төгрөгийн ханшаар тээвэр гүйцэтгэж, үнэ хөөрөгдөж байгаа тухайг танилцуулсан байна.


169545636_120095793507183_4670940195782313236_n-1 БНХАУ-аас ирэх ачаа тээврийн ханш нэмэгдсэн асуудлыг шалгана

Цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний 157 дугаар тушаалаар байгуулсан ажлын багийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд ШӨХТГ-аас ажлын баг гарган Замын-Үүдэд томилон ажиллуулахаар болов.

Мөн ЗТХЯ-нд галт тэрэгний давтамжийг нэмэх, тээврийг галт тэргээр хийлгэж эхлэх асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд холбогдох албаныханд өглөө.

Мөн жолооч нарын цахим сүлжээний бүлэгт гарсан “Замын-Үүд дотроо тээврийн зардлыг 10 сая төгрөгнөөс буулгаж болохгүй” гэх яриа гаргасан жолоочид Зөрчлийн хэрэг нээхээр ажиллаж байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ