"Синофарм"-ыг тойрсон мэдээлэл сэтгэл түгшээж, стресст оруулж байна уу?

Элэг нэгт Монголчуудынхаа ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье.
Хүчирхийлэл, сошиал туйлшрал гээд бидний эргэн тойронд нэн таагүй орчин бүрдээд байгаа нь бас сэтгэл эмзэглүүлмээр. Дээр нь Монголчуудын маань олонхи нь БНХАУ-ын синофарм үйлдвэрийн вакцинуудыг нэгэнт "зооглочихоод" байхад албан эх сурвалжтай таагүй мэдээлэл ар араасаа хөврөх нь бухимдал төрүүлж байна.
Зөвхөн нэг жишээ дурдахад "Оном" сангийн үүсгэн байгуулагч доктор Д.Наранбаатар өнөөдөр вакцины дархлаа хэрхэн тогтсон талаар "Элэгний төв"-д хийсэн эсрэг биетийн тандалт шинжилгээний тухай таагүй хариуг дуулгав. Тэрээр Синофармын вакцины анхны тунг хийлгэсэн хүмүүст дархлаа тогтоц маш муу байгаа нь тодорхой байна. Маргааш нарийвчилсан хувь үзүүлэлтййг нь гаргаж мэдээлнэ гэжээ. Ийнхүү Синофармын вакциныг хийлгэсэн бидний Монголчуудын хувьд итгэхэд ч хэцүү итгэхгүй байх ч хэцүү төвөгтэй байдалд орчихоод байна. Дээр нь хоёр дахь тунгаа хэзээ хийлгэх нь бас л тодорхойгүй. Энэ асуудлууд дээр ЭМЯ маш тодорхой дүгнэлт хариултууд өгмөөр л байна шүү дээ.
Төр мянган удаа короно гэж аюулаар айлгавч ажилгүй болох вий, цалингүй үлдэх вий гэх айдас ч бас байгаа бололтой. Тиймээс ажилдаа короногоос илүү айдастайгаар явж байгаа иргэдийг төр хийгээд өөр нэгэн буруутгаж, саатуулахдаа бас л анхаармаар. Хувийн унаагаар явах хориотой тул автобусны буудал дээр хуран цугларсан олныг харахад бас л хөл хорионы үр дүнд эргэлзмээр. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж, ажилдаа яарсан иргэд ирсэн ганц нэг автобусанд хуучин үеийн дүр зургаа амилуулан шахцалдан сууцгаана. Юун хоёр метрийн зай бариад хойшоо, урагшаа болох.
Хаврын улирал гэдэг хүний дархлаа сулардаг, сэтгэц, эрүүл мэндийн хувьд эмгэг хөдөлгөдөг онцлогтой. Ийм онцлогтой улиралд иргэдийнхээ эрүүл мэнд, сэтгэцээр даажин хийгээд байгаа юмуу, үнэхээр хийлгэсэн вакцин маань эсрэг биет тогтоохгүй үр дүнгүй болчихоод байгаа юмуу бүү мэд.
Хөл хорионы үеэр санаачилга гаргаж, ажилдаа ирээгүй гэж загнуулмааргүй байгаа тухайгаа төрийн албаныхан ч хэлж байна. Санаачилга гаргаагүй гэдэг нь хорионы зай, завсарыг ашиглан, цагдаа болон эргүүл хийж буй хамгаалалтынханаас бултан, зугтан ажилдаа ирсэнгүй гэсэн зэмлэл гэж ойлгогдоно.
Дарга нар ч яахав гоё маск зүүгээд энд тэнд ажил шалгаад, шилэн форд унаад сүнгэнүүлж явдаг болохоор энэ мэтийг мэдэх ч үгүй дээ. Тэгээд ч тэд нарын цалинг хасна гэх зүрхтэн энэ улсад байхгүй. Харин ч хөл хориог үнэхээр сайн тогтоолоо гээд дээгүүрээ магтаад урамшуулал, нэмэгдэл олгож алга ташаад бөөн баяр хөөр. Улаан бүс ч гэнэ үү, ногоон бүс ч гэнэ үү тэр бүснийх нь өнгө ямар байхаас үл хамаараад амьдрал өрнөж, ааштай даргын гараас цалингаа бүтэн авах гэсэн иргэд энгийн үед тааваараа явдаг нийтийн тээврээ хүлээгээд таваараа бус тавиулаа бөөнөөрөө чихцэлдэж байгааг дарга нар минь олж харсан л байх. Дээр нь бас хийлгэчихсэн вакциний маань тухай таагүй мэдээлэл, хэзээ хоёр дахь тунгаа хийлгэх нь мэдэхгүй тодорхойгүй байдал. Ном дүрмээрээ бол маргааш буюу 4-р сарын 16 нд хийлгэх ёстой байдаг.
Т.Очир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ