Энэ сард 1 аппарат нэмж авснаар манай улс 3 ширхэг ECMO аппараттай болно

Энэ сарын сүүлээр нэг ширхэг уушги орлуулах аппаратыг авахаар болсон бөгөөд ингэснээр улсын хэмжээнд нийт гурван ECMO /Extracorporeal membrane oxygenation/  аппараттай болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байгаа бол дахин нэгийг Цэргийн төв эмнэлэгт ашиглаж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол мянга давж, хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгдээд байгааг тэрбээр хэлсэн юм.

Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гардаг аж.

Харин амьсгалын аппаратын хүрэлцээ хангалттай бий ч түүнийг нь ажиллуулдаг хүний нөөцийн хомсдолд орсон. Эрчимт эмчилгээний орноос 2-3 дахин их амьсгалын аппарат бэлэн байна.

Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээнд байгаа өвчтөн амьсгалын аппарат болон хүний нөөцөөр дутагдаагүй ч энэ байдлаараа цаашаа үргэлжилбэл хүний нөөцийн дутагдалд орох нь гарцаагүй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ