“Зогсож байсан автомашиныг шүргэж, замын хажуугийн хайс мөргөсөн осол бүртгэгдсэн”

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд авто замын зорчих хэсэгт автомашин шатсан осол өчигдөр гарсан. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны 22:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.   Харин энэхүү ослыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.  Цагдаагийн хошууч Э.Энхболд "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зогсож байсан автомашиныг шүргэж, замын хажуугийн хайс мөргөсөн осол бүртгэгдсэн. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй. Осол гарсны дараа тодорхой хэмжээний гал гарсныг ОБЕГ-аас ирж унтраасан. Уг ослыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу зарим мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ