"Халдвар зөөгчид" буюу 859 автобус аюултай тээвэр биш гэж үү?

       Манайд вакцин хандивлаж өгөөмөр гараа түрүүлж сунгаж байсан Энэтхэгийн ард түмэн ковид хэмээх цар тахлын түймэрт “хуйхлуулж” байгаа айдас хүрэм, бас өрөвдөм цаг үед бид дахин хөл хорионд орлоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээн дунд эрсдэл дагуулсан, эргэлзээ төрмөөр зүйлс бас байнаа.   
 Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлийн байгууллагууд нь QR кодоо авах гэж мунгинах нь их байгаа тул ажилдаа явахын тулд арга буюу автобусанд суух зорчигчидын тоон дээр нэмэгдсээр л байна. Өөрөөр хэлбэл QR кодоо хэрхэн авах талаар мэдээлэл багатай, бас хариу нь ирэхгүй удааширсанаас, сайдын чанга гараар гарч байгаа зөвшөөрлөө авч чадаагүй нөхдүүд автобусан дотор “QR кодоор” хэрүүл хийх нь холгүй байна.      
    Нийтийн тээврээр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах шийдвэр гарсан.      
   Хамгийн анхаарал татам мэдээлэл нь энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гараад байна. Өөрөөр хэлвэл энэ нь энгийн үетэй бараг ялгаагүй үзүүлэлт болчихоод байна шүү дээ. Гэтэл мэргэжлийн хүмүүс ковидын үед нийтийн тээврийг эрсдэлтэй тээвэр гэж мэдэгдсээр л байгаа.  
   УОК- ын Шуурхай штабын төлевлөлтийн багийн гишүүн Д.Улам-Оргих хэвлэлд өгсөн ярилцлагандаа:

 -“Одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа.  Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм.  Мөн автобус зэрэг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдэлтэй байна” гэжээ. 
   Албан эх сурвалжийн хэлсэнээр автобус аюултай, эрсдэлтэй тээвэр хэвээр байгаа юм байна. Хувийн унаагаар явах эрхийг нь сайдаасаа эхлээд сайтар чангалаад өгчихөөр автобусаар буюу “ явдаг халдвар зөөгчид” дээр урьдынх шигээ асуудал үүсээд байна шүү дээ.  Үнэхээр халдвар зөөгчид буюу 859 автобус аюултай тээвэр биш гэж үү? 
Н.Жав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ