Сонгогчдын нэрсийн жагсаалтад хамт амьдардаггүй хүний нэр давхардсан асуудалд ТАЙЛБАР өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас иргэд өөрсдийн нэрийг шалгахад хаяг дээр нь хамт амьдардаггүй хүмүүсийн нэрс давхардаад орсон байна гэсэн гомдлыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн Фэйсбүүк группт бичжээ.
Иргэд https://election.burtgel.gov.mn/ сайтаар орж өөрийн регистерийн дугаарыг бичээд сонгогчдын нэрсийн жагсаалтаас мэдээллээ бүрэн зөв эсэхийг шалгах боломжтой юм.
Харин тус сайтаар орж нэрсээ шалгасан иргэд хорооны групптээ "гэрийн хаяг дээр нь танихгүй хүний нэр нэмэгдсэн байна" гэсэн сэтгэгдлүүдийг оруулжээ. Ойролцоогоор 20 орчим оршин суугч скрийншот болгон баталгаажуулж, хаяг дээр нь танихгүй хүний нэр нэмэгдсэн байгааг харуулсан байна.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Бид иргэний бүртгэлийн улсын мэдээллийн сан дотроос сонгогчдын нэрсийн жагсаалтыг татаж авдаг. Иргэний бүртгэлийн газрын хариуцдаг асуудал гэлээ.
Хэрвээ тус сайтд нэвтрэхэд таны хаяг дээрх мэдээлэл зөрүүтэй байгаа бол "Зөрүүтэй бол мэдээлэх товч" дээр дараад гомдлоо мэдэгдэх боломжтой гэлээ.
Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Түвшингээс тодруулахад:
"Сонгогчдын нэрсийн жагсаалтад гарсан асуудлыг мэдсэн. Асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Намайг энэ хороонд ирээд хүн нэмсэн гэх хардлага байх шиг байна. Нэгдүгээрт, ганц ч хүн би нэмж авчраагүй. Надад тийм эрх мэдэл байхгүй. Энэ бол улсын бүртгэлтэй холбоотой асуудал. Би хүн бүртгэдэггүй, улсын бүртгэгч бүртгэдэг.
Манай хороонд дөрвөн байр адилхан дугаартай юм байна. Хотхоны нэрийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж багтдаггүй учраас байрны дугаараар оруулдаг юм байна. Гэтэл хотхоны нэр нь өөр хэдий ч ижил дугаартай байрууд байдаг учраас давхцал үүссэн бололтой" гэсэн тайлбар өглөө.
Тухайлбал,
- Баянмонгол хорооллын 405 дугаар байр, Санрайзын 405 дугаар байртай
- Сүмбэр-Ордын 601-р байр Чухаг-2-ын 601 дүгээр байртай
- Сүмбэр-Ордын 603-р байр Чухаг-2-ын 603 дугаар байртай
- Эмеральдын 502-р байр-Нэшнл паркийн 502-р байртай /тоот нь хүртэл давхацсан/
- Эдү констракшны 207-р байр- Энкантогийн 207-р байрууд давхацаж байна гэв.
Энэхүү мэдээллийн системийг 100 айл дахь Улсын бүртгэлийн газраас хөгжүүлсэн бөгөөд хотхон, хорооллоор нь ялгаж бүртгэдэггүй учир ийнхүү байрны дугаар, тоотоороо давхцан гарч байна гэжээ. Тиймээс Улсын бүртгэлийн газраас системээ шинэчилж, хот, дүүрэг, хороо, хотхон сонгодог болгохоор засварлахаар болсон байна.
Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн н.Наранцэцэгээс тодруулахад "Өмнөх өмчлөгч нь хорооноосоо хасалт хийлгээгүйгээс болж тухайн хаяг дээр өөр хүний нэр бүртгэгдсэн байх боломжтой. Нөгөө талаас өөрөө өмчлөгч байж байгаад ах дүү, хамаатан садан нь өөрийнх нь байранд ирээд нотлох баримтаа өгөөд бүртгүүлчихсэн хүмүүс байдаг. Мөн хэд хэдэн хотхон дотор ижил дугаарын байр байхыг үгүйсгэхгүй.
Бид иргэний гомдлын дагуу энэ мэдээллийг шалгаж үздэг. Тухайн иргэний хувийн мэдээлэлтэй холбоотой учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс иргэд өөрсдийн бүртгэлийг шалгаад, хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байгаад таны хаяг дээр ийм хүмүүс оршин сууж байна гэсэн мэдээлэл байвал манай бүртгэлийн сайтын "Зөрүүтэй бол мэдээлэх" хэсэгт дараад гомдлоо явуулах боломжтой. Тэр мэдээллийн дагуу манай 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа нэгжүүдийн ажилтнууд шалгаж, шалтгааныг тогтооно. Бид энэ хороонд үүссэн асуудлыг шалгана" гэлээ.




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ