Бидний хайртай бизнесүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас хайртай юу?

Үлдсэнээ үнэгүй шахам арилжчихаад үүдээ барьж, хэрэглэгчиддээ баяртай хэмээн хэлж байгаа бизнесменүүд, татвар төлөгчид цөөнгүй.

 Бидний хайртай бизнесүүдэд битгий л ийм юм тохиолдоосой гэсэндээ карентины дараа бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бусдадаа мэдээлэл түгээн аль боломжоорой дэмжээсэй гэсэн уриалга ч өрнөж байгаа.  Харин улс орныхоо татварыг бүрдүүлж төсвийн үрэлгэн зардлыг үүрдэг бидний хайртай бизнесмэнүүдэд, бизнесүүдэд төрийн түшээд маань, тэр дундаа төсөв захиран зарцуулдаг хамгийн том эрх мэдэлтэн Ерөнхий сайд маань хайртай боловуу?  

         100 хоногийнхоо маргааш бизнесийн төлөөллийг хүлээж авсан Ерөнхий сайд маань “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” гээд бизнес эрхлэгчдэдээ хайртай гэдгээ хэлчихлээ. 

        Хэлэх амархан ч хийж хэрэгжүүлэх хэцүү байдаг нь мэдээж. Нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт ер нь бүгдээрээ эдийн засаг шүү гэж хайр зарлаж байсан нөхөр хилийн дээс алхаад одоо болтол ирэхгүй л байна.  Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг элгээрээ хэвтсэн цар тахлын үеийн эдийн засгийг сэргээхүү сэхээн амьдруулахад нь удтал хэвтүүлэхүү гэдэгт найдах дэндүү эртдэх нь мэдээж. Ямар ч байсан эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байгаа тэрбээр бидний хайртай бизнесүүдэд хайртай гэдгээ харуулахыг хичээнгүйлэн зорьж байна.

Харин бизнесийн төлөөллүүд түүнд ямар мессеж өгөхийг зорьсон юм бол?

 

   МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай байгааг хэлээд, цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байгаа бөгөөд 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжинө гэсэн санааг хэллээ.

  Зарим нэг бизнес эрхлэгч төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон ч, хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна хэмээн гомдоллож байсан бол, залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо гэх нийгмийн шинжтэй шүүмжлэлийг ч Ерөнхий сайдад дуулгалаа.

Мөн ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэрээ дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарч өгөхийг хүссэн бол

        Уул уурхайн бизнесийн салбарынхан том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан өндөр хэмжээтэй зээлийн шугам нээх шаардлагатай байгаа болон, дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж байдаг асуудлыг хөндөв.

Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, санал санаачилгыг нь судлая гэдгээ хэлж байлаа.

        Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё гэсэн юм.

       Бидний хайртай бизнесийнхэнд Ерөнхий сайд маань ч бас хайртай юм байна.  Төрийн хайр, хал хоёроос хэзээний болгоомжилдог бизнесийнхэнд яг одоо дэмжлэг хэрэгтэй байгаа нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар үнэн.

                                                                                                                                                                               

                                                                                                                                                                                        Д.Оюу 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ