“Спутник V” вакцины үр дүнгийн тухайд

      Коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины бодит үр дүн өмнө зарласан  97,6%-иас ч дээгүүр байж болох юм. Уг бэлдмэлийг боловсруулж гаргасан  Оросын Эрүүл мэндийн яамны Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург даваа гарагт ингэж мэдэгдэв.   “Спутник V” вакцины бодит үр дүн бидний судалгааны одоогийн үр дүнгийн харуулж байгаагаас ч дээгүүр байж болох юм, учир нь өвчилсөн хүмүүсийг бүртгэх системийн тоо баримтаас үзэхэд,  дээж авах (өвчилсөн бодит огноо) болон онош тавих хоёрын хооронд цаг хугацааны зөрүү гарч болох юм” гэж Гинцбургийн хэлснийг  Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн сайтад иш татан дурджээ.  
    Гинцбургийн хэлснээр, оросын вакцин COVID-19-өөс урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэйгээ дахин нотлосон байна.  Дүн шинжилгээ хийх үед олж авсан мэдээлэл нь “Спутник V”-г одоо дэлхийд байгаа бүх вакцины дундаас  коронавирусээс хамгаалах хамгийн шилдэг бэлдмэлийн нэг_ болгож байна гэж дээрх төвийн ерөнхий захирал Кирилл Дмитриев хэлжээ.   “Өөрийн нутаг дэвсгэрт “Спутник V” вакцин хэрэглэхийг сайшаасан 60 орон коронавирус тусахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэгийг авах болсноороо зөв сонголт хийлээ” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.  
   Тарилга хийлгэсэн оросын 3,8 сая иргэний мэдээллийг судласан дүнгээр “Спутник V” вакцины үр дүн 97,6% болсныг мөн даваа гарагт мэдээлжээ.   Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлийн хоёрдугаар сарын 2-ны дугаарт нийтлэгдсэн мэдээнээс үзвэл,  энэ бэлдмэлийн клиникийн туршилтын гурав дахь үеийн дүнгээр түүний үр дүн 91,6% байсан юм. Тэгэхэд сайн дурын 19 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тийнхүү уг вакцин дэлхийд бүртгэгдсэн тоогоороо эхний гуравт орж байгаа аж.   
                                                                                                                                                                                                              Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ