МАН-ын дарга У.Хүрэлсүх "Намбарван"-ы ТВ9-ийг эзэмдэх цагаар...

     Намбарын Энхбаяр намтайгаа эргэж дэр нэгтгэснээр МАН-ын дарга У.Хүрэлсүх ТВ9-ийг эзэмдэж эхлэв.   МАХН-ыг үнэд оруулсан үнэнч нөхөр С.Ганбаатараа арилжчихаад одсон түүний ТВ9-ийн үзэгчидийг "монгол коммент"-оор олноо өргөгдөж, мэдээллийн урсгал"-д урсчихалгүй уснаас хуурай гараад ирсэн "манай Билгээ" барьж байдаг нь үнэн.  "Зөв Хүн, Электрот" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Д.Энхбат хөдөөгийнхөн хэний ам хөдлөхнүү гэж харж суудаг "Ам нээвэл"-ээр орсоны дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх ТВ9-ээр М.Батбилэгтэй ярилцаж "Монгол коммент"-ийн үзэгчидийг нэг сайн уухайлаад авлаа.          
     У.Хүрэлсүх ухаантай ярьж байна. Түүнд хий алга. Өдрийн сонины Д.Мөнгөндалайтай ярилцсаныг эс тооцвол тэр хүлээлт эрэлт үүсгэж байгаад үзэгч олноо "нэг сайн гар хүрчихлээ".         
    Ярилцлагын үеэр тэрбээр "Залуудаа хор шартай хоосонгүй гар зөрүүлчихдэг байлаа. Одоо 50 хүрчихлээ. Юу гэж л зодоон цохион хийгээд явхав дээ. Би чинь бас намын дарга хүн. Тэр тусмаа Ерөнхий сайдаа балбаад байна ч гэж юу байхав" гээд л шар мэдээнд шанаа өгчихөж байх жишээтэй.  Бизнесд төрийн оролцоог нэмэгдүүллээ гэж ярьцгаадаг. Би яг үнэндээ "бизнесийн зүлгийг нь зулгаагаагүй зэрлэгий нь зулгаасан шүү" гэх урьдаас бэлдсэн гэмээр хариулт сошиалаар онцлогдож байх жишээний.             "Сү.Батболдыг оффшорын асуудлаа шалгуул гэж хэлсэн. Тагнуул хууль шалгаж бгаа нь үнэн.  Ц.Анандбазар түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Буруугүй бол буцаад ороод ирэх хэрэгтэй шүү дээ" гэх мэт товч тодорхой хариултууд шударга ёсны үнэрээ гээгээгүй яваа шүү гэх мессеж.
    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болсон, Төв цэвэрлэх байгууламж, шинэ нисэх онгоцны буудалтай болсон гээд ярих зүйл ч их байгаа бололтой.  Сонгуулийнхаа сурталчилгааны үеэр"Уул уурхайн 900 гаруй лиценз цуцаллаа.  Бүхэл бүтэн нэг аймгийн нутаг шүү дээ" гээд хашгирахад л алга ташилт нижигнээд л явчих нь эргэлзээгүй.          
  Ууган намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа У.Хүрэлсүх хүчтэй өрсөлдөгч байх нь урьдчилсан бие халаалтаас ийнхүү харагдаж байна. Нөгөө хоёр намаас нэр дэвшихээр горилж буй эрхэмүүдийн бие халаалтын талаар дараа өгүүлсү.  
                                                                                                                                                                                                                  Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ