“МАХН мандтугай” гэх уриа ч энэхүү нэртэй хамт түүхийн цуурай болон үлдлээ

МАХН мандтугай гэх уриа ард үлдэж, социализмийн үеэс хоногшсон энэхүү намын нэрийг өнөөдрөөс эхлээд Монголын улстөрийн түүхэнд онцгойлон тэмдэглэгдэхээргүй болголоо. Улс төрийн хувьд унаж, босч, уруудаж ирсэн, улс орны хөгжилд эс хүсэвч тодоор тэмдэглэгдэж үлдсэн МАХН хэмээх дөрвөн үсгийн товчлолийг бид улстөрийн түүхээс дахиж дангаар нь харахгүй.
Монгол улсад Үндсэн хууль төрт ёсийг эхлүүлж, тусгаар тогтнол, улстөрийн хэлмэгдүүлэлт, социалист хөгжил дэвшил гээд сайн, саарын аль алинд ард түмнээ удирдан явсан он жилүүд нь алдаа, оноотойгоо түүх болон үлдэж байна.
Үнэндээ бол хэн нэгний улстөрд орох үүд болж, ахмад үеийнхэний халаасанд батлах нь албан тушаал, эрх ашигаа хамгаалах хэрэглүүр болж байсан он жилүүд ч бий. МАХН хэмээх намын гишүүн болох нь албан тушаалын хувьд өсч дэвжих, амьдрал ахуйгаа сайжруулах хэрэгсэл болж байсныг өнгөрсөн түүх гэрчилдэг. Өчигдөрхөн ч энэ нэр улстөрийн ашиг, хонжоо хайгчидын халхавч болж, улс төрийн том том тохироог араасаа дагуулж чадав.
Харин одоо энэхүү МАХН хэмээх хүн бүхэн батлахыг нь өвөртлөхийг хүсдэг байсан намын нэр архивын дансанд үдэгдэж, дахиж сэргэх эсэх нь тодорхойгүй боллоо.
МАХН мандтугай гэх уриа ч энэхүү нэртэй хамт түүхийн цуурай болон үлдэж байна.
МАХН хэмээх энэ нэр ийнхүү бүдгэрснээр бид өнгөрсөн социалист нийгмийн нэгэн хий үзэгдлээс нэг алхам ч гэсэн холдож чадлаа гэж хэлэхэд буруудахгүй. Энэхүү намын нэрийг эрхэмлэж, батлахыг нь өвөртөлж ирсэн ахмадууд маргаашнаас эхлэн МАН хэмээх намын уриа лоозонг эгшиглүүлэн дэмжигчид болон хувирч байна. Нэг үсэг гээсэн ч үндсэн суурь нь МАН болон үргэлжлэх МАХН хий үзэгдэл болон байсаар байх уу эсвэл дахин амилахгүйгээр түүхийн тавцангаас үгүй болох уу гэдэгт одоохондоо хариулт хэлэхэд эрт байна. Ямартай ч МАН, МАХН гэх нэрийг зэрэг хэрэглэхээр хоёр нам тохирсон бөгөөд хожмын өдөр аль нэр нь илүү ихээр товойж гарах вэ гэдгийг харах л үлдлээ.
Н.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ