Ш.Должинсүрэн: Ерөнхийлөгчийн ёслолын хувцас бол Монголын төрт ёсны бэлгэдэл зүйн салшгүй хэсэг юм

Үндэсний хувцасны “Уран гоёл урлан”-гийн ерөнхий захирал, СУИС-ийн докторант Ш.Должинсүрэнтэй Монгол төрийн зүтгэлтнүүдийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, өнөөгийн байдлын талаар хөөрөлдлөө.
-Таныг Монголын төрийн ёслол хүндэтгэлийн хувцсаар судалгааны ажил хийж байгаа гэж сонсоод зорьж уулзлаа. Үнэхээр чухал сэдэв санагддаг...
-Тийм ээ, “Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал шинэчлэлийн асуудалд” гэсэн сэдвээр, Богд хааны хувцасны жишээгээр магистр хамгаалсан. Үнэхээр чухал, их судлагдсан юм шиг мөртөө судалбал зохих зүйлс ихтэй сэдэв. Энэ ажил дээрээ тулгуурлан бичсэн номоо хэвлүүлэх санаа бий. Одоо Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны утга бэлгэдэл, хийц, уламжлал шинэчлэлийн асуудлаар докторын судалгааны ажил хийж байна.
-VIII Богд чинь төрийн тэргүүн атлаа баахан шашинжсан хувцастай байсан юм биш үү?
-Тэгж хэлж болохгүй. Харин ч монгол төрийн уламжлалт утга бэлгэдлүүдийг сайтар мэддэг хүмүүс зөвлөж бүтээсэн болов уу гэж бодогддог. Шашин төрийг хослон баригч хаан гэдэг утгаараа ёслолын хувцсанд нь бурханы шашинтай холбоотой элементүүд нэлээд орсон байдаг ч эртнээс уламжилсан төрт ёсны бэлгэдлүүд бас ихтэй. Энэтхэг, түвэдийн хувцасны соёл туссан нь ч бий.
-Богд хаан болоод хатных нь ёслолын хувсанд шар өнгө их байдаг нь шарын шашны нөлөө юу?
-Монголчуудын хувцасны соёлд өнгөний бэлгэдэл их үүрэгтэй. Шар өнгийг манайхан шарын шашинтай холбож тайлбарладаг нь буруу. С.Дулам багш монголчуудын шар өнгө бол ертөнцийн үүтгэлийг бэлгэдсэн өнгө гэж үзсэн байдаг. Монгол төрийн утга бэлгэдэлд шар өнгө эртнээс нааш чухалд тооцогдож ирснийг батлах баримт олон. Ихэс дээдсийн хувцсыг алтаар чимж, алтан шар өнгөөр урлаж, төрийн орд өргөө нь хүртэл алтан шар байсан уламжлал бол эртнийх. “Зүү орох зайгүй зүймэл алтан хуяг” гэдэг чинь ёслолын хувцсыг л хэлж байгаа хэрэг. Түүнээс биш болдоос дутахгүй бат бэх алтан хуяг гэж байхгүй биз дээ. VIII Богдын хувьд шашин төрийг хослон баригч учраас түүний ёслолын хувцасны шар өнгө бол төрийн болоод шашны давхар утга агуулгатай байсан гэж үзэж байгаа.
-Богд хаант Монгол улс төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны тухай хуультай байсан гэдэг. Ингэж хуульчлах хэрэгцээ байсан юм болов уу?
-Хэрэгцээ гэхээсээ уламжлалаа дээдэлсэн асуудал гэж бодож байна. Манай монголчууд чинь Хүннү, Киданы үеэс эхлээд Мөнх хаан, Хубилайн үед хүртэл хувцасны тухай хуультай байсан. Үндэсний хувцсаа төрт ёсны хувцас гэж үздэг, хүндэлдэг уламжлал өнөө ч хадгалагдаж байна. Богд хаант Монгол улс “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ээр хан вангууд, төрийн албаныхны ёслол хүндэтгэл, зэрэг дэвийн хувцсыг нарийн тодорхой хуульчилж өгсөн байдаг. Богд хаан, Эх дагины төрийн ёслолын хувцсыг тусгай журмаар зохицуулж байсан.
-Төрийн ёслолын хувцасны өнгөний утга бэлгэдлийн талаар тодруулж болох уу?
-Юань гүрний үед улаан хүрэн өнгийн дээл хувцас энгийн ард өмсөхийг хориглож байсан. Богд хаант Монгол улсын үед хангууд таван хумстай луу харгам хатгасан магнаг шараас бусад өнгийг ёст дээлэнд хэрэглэж болно, энгийн ардууд шар өнгийг хувцсандаа хэрэглэхгүй гэсэн хориг тогтоож байсан. Энэ нь төрийн ёслол хүндэтгэлтэй холбоотой хоригууд юм. Тайваний “Хааны ордон” музейд хадгалагдаж байгаа монгол хаадын хөргийн 3 нь цагаан шаргал, нэг нь ногоон, бусад нь улаан хүрэн өнгийн дээлтэй, ихэнх нь цагаан оройтой малгай өмссөн, хатдын хувцас нь голдуу улаан хүрэн өнгөтэй байгаа. Эрээн, цоохор өнгөтэй дээлийг харц ардууд өмсдөг, төрт ёсноо зохихгүй гэж үздэг байсан. Мөн хаан хүн хар өнгийн малгай өмсөхийг цээрлэдэг байсан байна.
-Социализмын үед манай төрийн тэргүүнүүд бүгд европ хувцас өмсдөг болсон. Үндэсний хувцас нэг хэсэг их шоовдорлогджээ дээ...
-Өнгөрсөн зууны хориод оноос хойш монголчууд европ хувцсанд аажмаар шилжсэн ч үндэсний хувцсаа дээдэлсээр ирсэн. Манай төрийн тэргүүнүүд 1950-иад он хүртэл үндэсний хувцсаа ёслол хүндэтгэлд өмсөж л байсан. Маршал Х.Чойбалсан гуай нэг том жишээ нь байна. Социализмын үед Монголын төрөөс гадаадын хүндэт зочдод өгдөг хамгийн хүндтэй бэлэг нь иж бүрэн монгол хувцас байлаа. Хурим найр, наадам баяр гээд ёслол хүндэтгэлээр үндэснийхээ хувцсаар гоёцгоосоор ирсэн. Гоёх гэхээсээ төрт ёсоо үйлдэж байсан гэвэл илүү зохино. Тэгээд 1990 оны ардчилсан хувьсгалаар үндэсний ухамсар сэргэж, түүнийгээ дагаад монгол хувцсаа хөдөө хотгүй өмсөцгөөж эхэлсэн. Тэр үеийн жагсаал цуглаан, сонгууль, баяр наадмын бичлэг, зураг зэргийг харахаар их тодорхой анзаарагддаг.
-Монгол Улсын 5 Ерөнхийлөгчийн 4 нь төрийн ёслолын тусгай хувцастай байсан. Тав дахь Ерөнхийлөгч маань энгийн монгол дээл сонгосон. Энэ талаар та судлаачийн хувьд юу хэлэх вэ?
- БНМАУ-ын цорын ганц, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай цайвар өнгийн дээл, цээживч, суран бүс, титэм зэрэг ёслолын хувцастай тангараг өргөсөн нь тусгаар тогтнолын илэрхийлэл болсон гүн гүнзгий ач холбогдолтой үйл явдал байв. Дараагийн Ерөнхийлөгч нарын ёслолын хувцсыг манайхан сайн мэднэ. Нэг хэсэг манай дарга нар төрийн тэргүүнтэйгээ хүртэл үнэтэй дээлээр өрсөлдөж, өнгө бэлгэдлийн утга учрыг мартацгаасан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч энгийн монгол дээл, бүрх малгайтай тангараг өргөснөөс хойш бүгдээрээ энгийн дээл өмсөцгөөх болжээ. Их хурлын дарга, Ерөнхий сайд тэргүүтнүүд ийм дээл өмсөхөд асуудал байхгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ёслолын хувцас бол монгол төрийн бэлгэдлийн салшгүй нэгэн хэсэг, яг л төрийн сүлд, далбаа, тамга зэрэгтэй нэгэн адил хүндэтгэл агуулсан, сүр хүчний бэлгэдэл учраас манай Төрийн ёслолынхон үүн дээр алдчихав уу гэж бодогддог.
-Та дээрхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын улаан хүрэн дээлний тухай нүүр номондоо бичсэн байсан. Тэнд өгүүлсэн санаагаа нэмж тайлбарлаж өгөөч.
- Ерөнхийлөгч Х.Баттулгад монгол дээл сайхан зохидог. Гэхдээ өнгөний утга бэлгэдэл талаас нь эхэндээ мэргэжлийн судлаачийн зөвлөгөө үгүйлэгдээд байх шиг байсан. Сүүлийн үед хар хөх, улаан хүрэн өнгийг сонгосон нь төрт ёсны уламжлалт утга бэлгэдэлд нийцэж байна. Миний удирдагч багш Б.Мөнхцэцэг доктор гэж эртний монгол хувцасны мундаг судлаач бий. Багш маань эртний перс зургуудад монгол хаадыг хэрхэн дүрсэлснийг судлаад дээлийг нь ихэнхдээ улаан шаргал, гүн улаан, ногоон, цэнхэр, цайвар хүрэн, улаан хүрэн, хүрэн бор, гүн хөх, цагаан өнгөтэй дүрсэлсэн нь Юань улсын сударт тэмдэглэсэнтэй тохирч байна гэж багш маань үзсэн. Эд бол эртний монгол хаадын эрхэмлэж байсан өнгөнүүд юм. Одоо болж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг харахад дээлийн өнгөнүүд нь уламжлалтайгаа нийцсэн харагдаж байна лээ. Тохиолдол биш, мэдэж сонгосон байгаасай гэж л хэлэх байна.
-Манай дарга сайд нар монгол хувцсаараа их гоёдог. Тэдэнд судлаач хүн, бас үндэсний хувцас урладаг хүний хувьд сануулж хэлмээр юм анзаарагддаг уу?
-Анзаарагддаг шүү. Хэт эрээн мяраан дээл өмсмөөргүй байдаг. Төв түвшин, гэхдээ утга бэлгэдэл төгс хувцаслаж сурах хэрэгтэй. Г.Занданшатар даргыг улаан эмжээртэй, хөх дээлээ битгий өмс, ямар домын дээл биш дээ гэчихмээр санагддаг. Зарим хүн хар өнгийг улаанаар доторлуулж дээл хийлгэж байгаа нь уламжлал талаасаа зохимжгүй. Үндэсний хувцасны хэв маягийг хэт эвдэж чамирхсан хувцас төрийн хүнд зохисгүй. Мөн хээ чимэглэлийн утга бэлгэдэл дээр алдаж байгаа тал анзаарагддаг. Манай урлан өөрийн үйлчлүүлэгчдэдээ энэ мэт нарийн учир холбогдлыг хэлж ойлгуулж, уламжлалт монгол ёсоо өвлүүлэхийн төлөө хэр чадлаараа хичээдэг. Хамгийн гол нь манайх доктор Б.Мөнхцэцэг тэргүүтэй мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж, Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны утга бэлгэдэл, уламжлалыг шинжлэн судалж, зарим загварыг сэргээж, бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа мэргэжлийн хамт олон. Тийм болохоор энэ талаар хэлэх санаа хангалттай байгаа учраас төрийн тэргүүн, ер нь монгол төрийнхний дээл хувцасны талаар ярьчихлаа. Даруу биш загнасан бол уучлаарай. Зарим зүйлийг хэлэх цагт нь хэлж байхгүй бол болдоггүй юм билээ.
-Сайхан мэдээлэлтэй ярилцлага өгсөн Танд баярлалаа. Монголын төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, утга бэлгэдлийн талаар дагнан судлагч судлаачтай болж байгаа нь их сайхан санагдлаа. Таны судалгааны ажил, танай урлангийнх нь урлан бүтээх үйлд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ