Профессор Л.Дашням: ТЭНГЭР ГЭДЭГ АУГАА ИХ АМИН ЭРЧИС \1-р хэсэг \

Тэнгэр гэдэг аугаа их амин эрчис
монгол уламжлал академийн тэргүүн, МУСГЗ, доктор, профессор Л..Дашнямтай сэтгүүлч Б.Галаарид Тэнгэр үзэл, тэнгэр шүтлэгийн талаар ярилцсаныг уншигчдадаа сонирхуулж байна.
1. Дашням гуай Та тэнгэризмийн үзэл санааны талаар их ярьж, бичих юм. Ид боловсорч төлөвшсөн цаг үеийг тань бодохоор атеизм Танд илүү ойр баймаар. Монголчуудын шашин сүсгийн нийтлэг уламжлалыг бодохоор буддист баймаар. Гэтэл Тэнгэр шүтлэг, тэнгэр үзэл Таныг гижигдээд байх шиг. Үүний учир шалтгаан, уг шаг нь юу вэ?
- Монголд "Ээ Бурхан минь!" ч гэдэг юмуу, "Бурхан өршөө!" гэж наманчилдаг хүн олон шүү. Бас "Ээ Тэнгэр минь!", "Тэнгэр өршөө!" гэж залбирч суудаг хүн ч цөөнгүй. Тэр байтугаа аль алиныг нь хэлээд л явдаг хүмүүс ч байдаг. Бодвол, тэр нь зүгээр ч нэг санаандгүй хэлдэг үгс биш, цаанаа их учир утгатай зүйл юм байна даа гэж бодогддог.
Монголд Буддизм гурван ч удаа дэлгэрч, эдүгээ Буддын шашин Монголын өөрийнх нь уугал шашин, өв соёлынх нь нэг салшгүй хэсэг гэхээр дүр төрх, утга агуулгатай болсоон гэлцдэг. Гэлээ ч монголчууд Бурхан багшаасаа ер дутахгүйгээр мөнх Тэнгэрээ шүтэж, мөргөж дээдлэж, итгэл бишрэлээ илгээн, сүүнийхээ дээжийг өргөсөөр байгаа нь зөвхөн Бурхан багш Тэнгэрт залардаг гэж боддогтой нь ч холбоотой биш байх аа. Энд түүхэн ухамсар, яс маханд нь шингэсэн эртний нэг үзэл номлол яваад байх шиг байна. Эрт дээрээс уламжилж ирсэн итгэл үнэмшил, үзэл бодол, ухаарал ойлголт, бишрэл дээдлэл гэдэг маш гүн гүнзгий үндэс угшилтай, одоогийн үгээр хэлбэл, онцгой үнэ цэнэт зүйл байдаг байна л даа. Тэгэхээр бидний хувьд Тэнгэр гэдэг ердийн нэг орон зай, ор мөргүй хий хоосон зүйл биш юм.
Тэнгэрийн тухай ойлголт нэг өдөр бий болоогүй л дээ. Саяхны ч юм биш. Ухаарваас, Тэнгэрийг аугаа их хүчин, эрчис, долгис, мэдээллийн эх үүсгэр, мөнх орчлын нэг хэсэг, тэгэхдээ хүмүүний амьдралд асар их нөлөөтэй хэсэг болохыг өнө эртнээс ухаарч ойлгож ирсэн байна. Эрт дээр цагийн тусмаа ойлголт ухаарал учир утгатай, гүн нарийн байдгийг огт үгүйсгэж болохгүй! Бод л доо, жишээ нь монголчууд Тэнгэрийг хэзээ ч ямар нэг Эзэн, хэн нэг Суутнаар төлөөлүүлж байсангүй, гэхдээ бас хэн ч биш, юу ч биш ч гэж үзсэнгүй. Хэдийгээр Тэнгэрийг огт-оргүй, хүршгүй, тоймлошгүй Ертөнц гэж эгэл ухаарлын төвшинд ярьж үгүүлдэг ч, хүмүүний амьдралын хамгийн эрхэм нандин орчил, шүтэж бишрэх учиртай дээд оршихуй гэдгийг ухааран ойлгож, бүхний Язгуур Эх, мөнхийн шүтэлцээт их Орчилдоон байдлаар ойлгож, хамаарал шүтэлцээг нь мэдрэн, залуурдагч хүчний нь хувьд дээдэлж шүтсээр иржээ гэж ухаарч болно. Буддын шашиныг Сиддхарта Гаутаматай, Христийнхийг Исүстэй, Лалынхыг Мухаммед буюу Мухометтай холбон ойлгож, нэгийг нь Гэгээрсэн хүн /Enlightened/, нөгөөг нь аршаанлагдсан хүн /Anoited/, гуравдахыг нь дээдлэгдсэн хүн /Praised/ гэцгээн биширч дээдэлдэг бол Тэнгэр үзэлтнүүд хэн нэгнийг тэгж бурханчлан тахиж шүтдэггүй, ердөө л Аугаа их Оршихуй, Мөнх Ертөнцөд л залбирч байсан байна. Миний бодлоор, ойлголт нь өргөн ч байна, гүн гүнзгий ч байна.
Тиймээ, миний хувьд бол шашингүй үзэл номлолын л төлөөлөгч л дөө. Аав, ээж минь ч, ялангуяа аав маань огт шүтлэггүй хүн байсан. Ээжийн аав нь лам явсан гэдэг ч бусад хүмүүстэй харьцуулбал тийм айхтар сүрхий шүтлэгтэн байж чадаагүй. Ер нь манайх бүр хожим л бурхан тахилтай болсон айл л даа. Хоймроо залдаг болсон бурхад нь Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн сургагч оросын манай нутгийн уул хаднаас авчирч өгсөн Бурхад байсан гээд л бод. Ээжийн хамаг сайхан лам ах нар нь хэцүү хатуу үед баривчлагдаад амь эрсдэцгээсэн юм билээ. Тэр айдас хүйдэс нь л тэдний удам судрыг бурхан тахилгүй, за ямар ч байсан нууж хааж залбирч мөргөдөг хүмүүс болгосон юм санж.
Надад "Сэтгэлд дотно газар" номыг нь орчуулсан Оросын нэрт зохиолч Владимир Солоухин нэг сонин хууч хөөрч билээ. Октябрийн хувьсгалын дараа Оросод хүмүүсийн шүтлэг бишрэлийн талаар баахан судалгаа явуулсан юм биз дээ. Тэгсэн нэг тариачин "Ямар шашин шүтдэг вэ?" гэдэг асуултанд "Боюсь!" /Айж байна!/ гэж хариулсан байсан гэсэн. Инээдтэй мэт боловч сонин сэтгэлзүй байгаа биз? Итгэл үнэмшилгүй болгоно гэдэг тийм л айхтар юмсанж л дээ. Манайд ч тийм л байсан байх.
Тэнгэр шүтлэгийн хувьд бол тэрхүү ухамсарын асар эртний хэлбэр намайг гижигдсэн ч юм биш, танин мэдэхүйн хувьд даллан дууджээ гэж үзэж болно. Монголчуудын оюуны ертөнцийг таньж мэдэхийг хичээж буй ямар ч судлаач Тэнгэр үзлийг тойрч чадахгүй л дээ. Тэгээд ч миний энэ үзэл рүү татагдсан цаг үе,нөхцөл байдал, яагаад ч юм бэ, өөрөө л аяндаа тохироо нь бүрдээд ирэх шиг болсон. Би Тэнгэрт асар их мэдээлэл хадгалагдаж хуримтлагддаг, тэр мэдээлэл ямар нэг байдлаар газрын хүмүүн бидний хүртээл болдог, бидний бүхий л үйлд нөлөлөөлдөг, тэр мэдээллийг хүлээн авах онцгой чадвартнууд ямагт байдаг гэдэгт итгэдэг. Хүний чадвар өөр өөр л дөө. Техник, шинжлэх ухаан ч их хөгжиж байна. Жишээ нь, миний олж үзсэнээр Оросын академич А.Е.Ефимов "Торсиан орон ой тогтоомжтой. Мэдээллийн "бөөм" чухам тэнд л үүсдэг. Тэрхүү элдэв "дүрслэл" эцэс төгсгөлгүй хадгалагддаг" гэж бичсэн байдаг. Үүнийг уншаад би надад нэг бясалгагч "Тэнгэрийн орон гэхээр хүмүүс яг л газар дээрх шиг залгасан залгасан нэлийсэн их “газар нутаг” байгаа юм шиг боддог байх. Хязгааргүй их орон зай байгаа нь байгаа. Гэвч бидний төсөөлж байгаа шиг тэгж зэрэгцэн оршдог юм биш, дотор дотроо багтдаг орон байдаг юм. Хамгийн доторх, бодоход хамгийн жижиг нь харин ч хамгийн том нь гэж ойлгох хэрэгтэй!" гэж ярьж байсан нь эрхгүй санаанд бууж байв. Судлах юм ер нь асар их дээ. Гэхдээ намайг айхтар сүрхий Тэнгэр судлаач гэж бодох огт хэрэггүй.
2. Тэнгэр үзлийг сонирхох сонирхол Монголоос гадна, сүүлийн арваад жилд бусад зарим оронд эрс идэвхижлээ. Нүүдэлчин гаралтай ард түмний эрдэмтэн мэргэд өөрийнх нь улс оронд ямар шашин зонхилогч байгаагаас үл хамааран Тэнгэризмийг анхаараад байгаагийн учир юу вэ?
- Тэнгэрсудлалын чиглэлээр Олон улсын Эрдэм шинжилгээний хурал долоон удаа болсныг Та мэдэж байгаа. Ийм хурал санаачилсан Саха Якутын судлаачид, урлаг соёлынхон, зан үйлчид хурал болгонд л их олуулаа ирж оролцдог юм. За тэгээд манайхан, Буриадууд, Тувагийнхан, Хакас, Татарстаныхан, Казахын төлөөлөгчид ч тэр хурлуудыг ер алгасаагүй. Та ч өөрөө 2-3 удаа биеэр оролцсон. Харин Халимагууд, Өмнөд монголчууд маань алданги оног ч болохноо оролцоод л явж байна. Гуравдугаар хурлаас эхлээд Казах, Киргизийн судлаачид олноороо оролцох болсон. Тавдугаар хурлыг Болгарт хийсэн. Тэр үеэс Болгар, Азербайжаны төлөөлөл оролцож эхэлсэн. Сүүлийн хоёр хуралд Төвдөөс, бүр сүүлчийн Киргизийн хуралд Пакистанаас ирж оролцсон. Үнэхээр л нүүдэлчид гэхээр гарвалтай орнуудынхан тэнгэрсудлалыг илүү их сонирхоод байгаа юм байна шүү. Тийм байна. Эдгээр орнуудад нэгд, Тэнгэр дээдлэлийн эртний уламжлал байна. Ер нь бол Чингисийн хойчис л Тэнгэрийг илүү сайн “таньдаг” шүү дээ! За Сахад бол энэ шүтлэг бүр эртний хэлбэрээрээ хадгалагдаад үлдчихэж. Тэнд ер нь аливаа шашин нэг их нэвтрээд байсангүй. Бусад ихэнх оронд Лалын шашин, Христосын шашин орон зайгаа бат эзэлсэн. Тийм байхад юун Тэнгэр шүтлэг вэ гэж бодож болно. Үнэхээр тийм л дээ. Тэдэнд одоо ч зовлон бэрхшээл байсаар л байгаа юм. Энэ орнуудаас Тэнгэрийнхний хүрээнд орж ирж байгаа хүмүүс бол юуны өмнө судлаачид, ялангуяа философичид, зан үйлчид, угсаатанзүйчид, бөөтэй зүйрлэхээр хүмүүс байдаг. Аль ч үед Тэнгэрээ шүтсээр ирсэн, сахиж дээдэлдэг зүйлтэй, уламжлалт зан үйлтэй, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, тийм л хүмүүс байгаа юм. Тэрслүүдүү үзэлтэн ч байна. Тэдний ихэнх нь Тэнгэр шүтлэгийг юуны өмнө шашин гэж үздэг бололтой. Гэтэл шашин биш гэж үздэг хүмүүс ч бас бий. Би жишээ нь тэр талын хүн! Бас өөр нэг талын хүмүүс ч байж магадгүй. Өнөөдөр Буддын шашиныг, ялангуяа Буддизм, Тэнгэризмийн уялдаа, холбоог сонирхдог, судалдаг хүмүүс нэлээн олширч байна. Тэд бидний зохион байгуулдаг хуралд оролцож,сонирхох нь нэмэгдэж байгаа. Ер нь өнөөдөр баруунд Буддын шашин нэлээн тэлж түрж байна шүү. Би Швейцарийн нэг ламаас /лам гэхээр Буддын шашинтан гэсэн үг л дээ/ асуулаа л даа. Яагаад тэд Буддын шашиныг сонирхоод, зарим нь шүтдэг болоод байна? Тэнгэризмийг сонирхдог хүн байна уу? гэж асуусан. Тэр хүн надад ялангуяа Буддизм Баруунд сонирхогдоод байгаа гурван шалтгаан бий гэж хэлж байна. Нэгд, хүмүүний амьдралын Барууны хэв маяг эдүгээ мухардалд орж байна уу даа гэж үзэхээр байгаа гэнэ. Нийгмийн зовлон, ялангуяа сэтгэл санааны зовлон асар их нэмэгдэж байгаа юм байна. Үүнээс шалтгаалаад хүмүүс амар амгаланг хайж эрэх нь ихсэж байгаа юмсанж. Тэгээд түүндээ Буддын шашинаас хариу олно гэж найдаж байгаа юм байх. Хоёрд, бясалгалын олон төрөл эдүгээ Баруунд их газар авч байгаа гэж байна. Хүмүүс бясалгаж байж сэтгэлээ төвшитгөнө, дотоод амгаланг олно гэж боддог болсон гэнэ. Азийнхны бодол үзэл халдварлаж байгаа гээд инээж байна лээ. Тийм хүмүүс Буддын шашиныг хүндэтгэж, талархаж байгаа юм байна. Зарим нь ч шашинтан болж байгаа юм гэнэ. Гуравд, Далай ламын дэлхий даяныг хамарсан үйл ажиллагаа, ялангуяа шашин, шинжлэх ухааныг холбосон том том ярилцлагууд, Буддын шашины мөн чанарыг ойлгуулсан лекцүүд их нөлөөлж байгаа юм байна. Хүмүүс Далай ламын хэлээд байгаагаар Буддизм бол бусад шашинтай адил шашин ч биш юм байна, өөрийгөө таних, гэгээрүүлэх ухаан, сургаал, философи юм байна гэж ойлгож эхлэж байна. Ийм л шалтгаануудаас Буддизм, тэрчлэн сүүлийн үед Тэнгэризм гэж юу яриад байгаа нь мөн сонирхогдож байна л даа гэж ярьж байсан. Тэгэхээр Тэнгэрийн мөн утгыг олохыг эрэлхийлж, учир чинадыг нь мэдэх хүсэл, Тэнгэрийн тухай эртний уламжлалт ойлголт, Тэнгэрийн "аврал", ач буян гэж юу вэ? гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаад байх шиг байна. Энэ талын соёл нүүдэлчдэд их ойр л доо. Шалтгаан нь тиймэрхүү л зүйлүүд байгаа юм болов уу.
3. Тэнгэрсудлалын Олон улсын Фондын талаар, түүний үйл ажиллагаан дахь өөрийнхөө болон монголчуудын оролцооны талаар ярьж өгнө үү?
- Тэнгэрсудлалын Сан / Фонд/ Саха Якутад төвлөдөг. Тэнгэр үзлийг дээдэлдэг, ялангуяа Тэнгэрийн зан үйл, манайхныхаар бол улаач нар Алгысчдыг онцгойлон талархдаг Федорова Лена Валерьевна гэдэг эрч хүч, идэвх санаачлага эрмүүн инженер хүүхэн анх Тэнгэр үзэлтнүүдийг ойртуулж холбох санаа үүтгэж, анхны Олон улсын хурлыг цөөн хүний хүрээнд ч болохноо хийж, гараагаа эхэлсэн түүхтэй л дээ. Барилгын инженер маань Тэнгэрсудлалын хүрээнд ажиллах явцдаа улстөрсудлалын эрдэмтэн болсныг Та мэднэ.
Якутад болсон анхны Хуралд Татарстан, Хакасаас төлөөлөл оролцсон гэдэг юм билээ. Дараа нь Лена Валерьевна Улаанбаатарт ирж, академич Ш.Бира гуайтай уулзан, санаагаа хэлж, зөвлөлдөж хоёрдах хурлаа монголчуудын оролцоотойгоор Улаанбаатарт хийсэн. Тэнгэрсудлалын Сан тэгэхэд л байгуулагдсан юм. Ш. Бира гуай Сангийн анхны дарга нь шүү дээ. Би бол Бира гуайн чиглүүлгээр энэ салбарт татагдан орсон хүн юм. Одоо харин нэг мэдэхнээ Тэнгэрсудлалын Олон улсын Сангийн Орлогч дарга болчихсон явна. Та ч мөн Хянан шалгахынх нь Орлогч дарга болсон шиг санагдаж байна. Монголчууд ер нь дарга нар л яваад байгаа л даа, ямартай ч!
Сан маань “Тенгрианство и эпичесое наследие народов Евроазии: истоки и современность” /Евроазийн ард түмнүүдийн Тэнгэр шүтлэг ба туульсийн өв: уг шаг хийгээд орчин үе/ сэдвээр хоёр жилд нэг удаа тогтмол Олон улсын Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа. Хурлын зохион байгуулалт, илтгэлүүдийг хэвлэж нийтлэх гээд нэлээн ажил гарнаа. Вэбсайт ажиллуулдаг. Зарим үед цахим хэлэлцүүлэг явуулна. Сангийн гишүүд татвар төлдөг. Хурал ч бас төлбөртэй байдаг юм. Ном, хэвлэл, менежментээс ямар нэг орлого орно. Зарцуулалт бол мундахгүй ээ. Хурлын зарим төлөөлөгчийн зардлыг даана. Бас бус ажил бий. Якутын тал сайн ажиллаж байгаа. Сайн дурын шахуу нэг жижиг аппарат бий.
Монголчуудын хувьд дээр хэлснээр зарим даргалах ажлаа хийнэ,юутай ч бүх Хуралд оролцон, илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Миний хувьд Монголоо л голлон төлөөлж байгаа даа. Хурлын үеэр Өмнөд нутгийнхандаа бага сага тусална. Дөрөвдэх хурлыг Монголд удирдан зохион байгуулсан. 90 гаруй төлөлөөлөгч ирсэн болохоор амаргүй л ажил байсан. Үүрэлцсэн хүн та сайн мэдэж байгаа байх. Хурлын илтгэлүүдээр "Проблемы изучения Тенгри в аспекте мировоззренческой культуры" /Ертөнцийг үзэх үзлийн үүднээс тэнгэр судлах асуудлууд/ нэртэй ном хэвлүүлсэн. Мөн өөрсдийн санаачлагаар өөр нэг Олон улсын Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, "Мөнх Тэнгэрийн хүчин дор мянга мянган жил..." нэртэй ном хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Үгүүллүүдээ крилл, худам монголоор зэрэгцүүлэн нийтэлсэн болохоор Өмнөд нутагт нэлээн уншигдсан шүү. Тэнгэрсудлалын гуравдугаар хуралд зориулан та бидний хамтран хэвлүүлж, Тувад очихдоо бэлэг барьж байсан "Тэнгэризм ба монголчууд" ном маань ч нэлээн уншигдсан.
Уг нь бидний байгуулсан "Эш Тэнгэр судлал нийгэмлэг" сайн ажиллах ёстой юм. Гэвч ажил нь нэг л сайхан жигдэрч хүчээ авч чадахгүй байна. Надтай ч холбоотой байдаг биз дээ. Гэвч баярлалтай нь Тэнгэр шүтлэгийн талаар ярьдаг хүн Монголд ер нь олшроод л байгаа юм биш үү? Би зарим хурал, уулзалтад нь оролцож, олон улсын төвшинд юу хийгдэж байгаа талаар ярьж ойлгуулж л яваа. Ойлголт нь төвшний хувьд ялгаатай, хийж байгаа, хийх гэж зорьж байгаа ажил нь янз янз л юм билээ. Их шашинжуулж, зарим нь ч бизнес маягтай болгож байгаад санаа зовж байна. Тийм учир Тэнгэрсудлалын чиглэлээр онцгойлон анхаарч, ялангуяа сонирхож, дэмжиж байгаа хүмүүсийг нэг чигтэй, нэг үзэл бодолтой болгомоор л байна. Хүч тарамдаад байна л даа.
4. Тэнгэризмийг шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны судлал болгох ажил хэр явцтай байна вэ? Зарим орны судлаачид тэнгэризмийн асуудлыг хэт шашинжуулаад байна гэвэл та зөвшөөрөх үү? Шалтгаан нь юу байна? Нэр томъёо ойлголтоо нэг мөр болгоцгоосон уу?
- Олон орны эрдэмтэд судлаачид уг нь Тэнгэрсудлал гэдэг шинжлэх ухааны нэг салбарыг үүдэн бий болгох зорилт тавьж, тодорхой ажлуудыг үе шаттай, холбоо уялдаатай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Зорилт тийм амаргүй болохоор орон оронд энэ зорилт янз бүрийн байдалтай,янз бүрийн төвшинд л явагдаж байна. Бид юу тохирч, хүчээ хоршин ажиллаж байна вэ? гэхээр нэгд, орон оронд Тэнгэртэй холбоотой ямар ойлголт ухагдахуун байна вэ, ямар үг хэллэг, нэр томьёо байна вэ, түүнийг цуглуулж, орон орны тайлбар толь хийе; хоёрд, дээрх ажлынхаа суурин дээр нэгдсэн тайлбар толь гаргая. Үүнийг эрдэмтдийн баг ажиллан, цэгцэлж, жигдлэе; гуравд, эрдэмтдийн зүгээс дээрх бүх ажлын үр дүнд ерөнхий нэг суурь ойлголт, нийтээр хүлээн авахуйц танин мэдэхүйн нэгдмэл төвшин бий боллоо гэж үзвэл хамтын зохиогчтой сурах бичиг бүтээе; дөрөвд, Тэнгэрсудлал хичээлийг эхлээд тодорхой бүлгүүдэд, аажмаар их, дээд сургуулиудад сонгоны журмаар сургадаг, судлуулдаг болгох зорилт тавия; тавд, орон орны Тэнгэр шүтэгчдийн ойлголтыг жигдлэх, зан үйлийн холбогдолтой уламжлалуудыг нь судлах, дэмжих ажил хийе гэх мэт нэлээн өргөн зорилт дэвшүүлж,санаа оноогоо нэгтгэсэн л дээ. Зорилтууд маань ямар нэг хэмжээгээр ахиж л байгаа. Олон оронд нэр томьёоны толиуд гарсан. Харин бид энэ тал дээр хоцорч яваа. Профессор Н.В.Абаев орос, буриад тайлбар жижгэвтэр толь гаргасан. Тэр толь бидэнд ямар нэг хэмжээгээр тус болох учиртай. Бид ном, хэвлэл, материал цуглуулах шатандаа л явна. Энэ толийг хийж бүтээе гээд яг бариад авсан хүн одоохондоо алга байна. Бусад орныхон манайхаас маш чухал толь гарна хэмээн хүлээж байгаа. Үүний сацуу орон орны судлаачид "тэнгэртэй холбогдож чаддаг" онцгой чадвартан хоёр хоёр хүний тухай баримтат ном бүтээе гэдэг санал гарган, тэр ажил мөн ахиж л байгаа. Миний хувьд энэ их сонин сэдэв л дээ. Дээр үед Б.Бор багш Өмнөговийн нэг онцгой чадварт оюутан эмэгтэйг судалсан мэдээ бий. Тэр хүний талаар би бас сонирхож, зарим мэдээ цуглуулсан. Одоо бол эмч болсон хүн юм билээ. Тэр хүнтэй би өөртэй нь биечлэн уулзаж чадаагүй л дээ. Чадвартанууд хэдийгээр энд тэндгүй л дуулддаг ч яг "ороод явчихая" гэхээр амаргүй л судалгаа бололтой юм билээ. Та бөө судалдаг хүн хэлэлтгүй мэдэж байгаа байх. Жишээ нь, дээрх эмчийн тухай ойролцоо үеийнх нь оюутан С.Төмөр-Очир /Их хурлын дарга асан/, нутгийнх нь хүн, академич Д.Төмөртогоо, ахыг нь эмчилж байсан элэгний гэгддэг талийгаач М.Шагдарсүрэн доктор гурваас сонссон мэдээ зангиа харьцуулаад үзэхэд нэлээн зөрөөтэй "юм" харагддаг байна лээ. Уг нь бодоход тулхтай л эх сурвалжууд шүү дээ . Байдал ачиртаа тулахаар иймэрхүү л байдаг юм билээ. Гэлээ ч сонирхоод,оролдоод байгаа болохоор ахиц, үр дүн бол байнаа байна.
Ер нь нийтлэг байдалдаа, Тэнгэр “сонирхдог” хүмүүс дийлэнхдээ шашины талын юмуу, зан үйл хийдэг, мөргөл шүтлэг голлодог л хүмүүс байдаг шиг байна. Орон оронд л адилавтар даа. Зарим газар бүр ч илүү. Тийм учир нийт хүрээгээ тэлэе, Тэнгэр шүтлэгтэн, Тэнгэрсудлагч нарыг өргөтгөе гэдэг зорилго тавьж байгаа энэ эхний үед тийм талынхандаа "дарагдчих" гээд байгаа тал байгаа нь байгаа. Тэнгэрсудлалын зарим хуралд ч шашинжуулсан, шашины үүднээс авч үзсэн илтгэлүүд зонхилчих гээд байдаг тал бий. Шинэ салбарын зовлон, цаана нь уламжлалт ойлголт гэж хүчтэй юм байна л даа. Тэнгэрээ шүтэж, аврал өмгөөлөл эрж хайдаг байсан үе нь түүнийг судлаж, үнэн мөнийг нь таньж мэдэе гэсэн үеэс урт байна. Тусгай мэргэжилтнүүд, судлаачид бэлтгэх хэрэг эндээс үзэхэд ч тодорхой байгаа л даа. Ойлголтын төвшнийг аажим аажмаар ч болохноо дээшлүүлэх хэрэгтэй байна. Шинжлэх ухааны олон талын мэдлэгийн суурь хөрс хэрэгтэй байна. Ажил байнаа байна.
5. Тэнгэр үзлийг түрэг, монгол хэмээн булаацалдаад байх. Ш.Бира гуай Чингис хаан өөрийн байгуулсан Эзэнт гүрний идеологи болгон боловсруулсан гэж анх тэнгэрчлэл буюу тэнгэризмийн тухай ярьж эхэлсэн байдаг. Гэтэл Н.Г.Аюпов эртний Хүннүгийнх гэсэн санаа руу хөтөлсөн. Таны байр суурь ямар байна?
- Уг нь булаацалдаад байх юмгүй л дээ Тэнгэр нэг, хүмүүн төрөлтөн бид цөм нэг л Орчлонгийн хэлтэрхийнүүд! Элдэв маргаан мэтгэлцээн нь энэ хүрээнд орж гарч байгаа хүмүүсийн мэдлэг, хандлага, ойлголт ухаарлаас л шалтгаалаад байгаа юм. Одоогоор Тэнгэр судлаачид үзэл бодол, ойлголт ухааралдаа түшиг тулгуур болгож байгаа гол хүмүүс нь академич Ш.Бира гуай, Казахстаны эрдэмтэн, талийгаач Н.Г.Аюпов доктор хоёр л байна л даа. Тэдний судалгаа, үзэл баримтлалыг л мэдэж, ойлгохыг хичээж байна. Дээр нь талийгаач Н.В.Абаевыг нэмж болох байх. Ш.Бира гуай монголчуудын Тэнгэрийн тухай үзэл, ойлголтыг сүүлийн үед нэлээд сонирхож, цөөн бус бүтээл туурвисан. Илтгэлүүд, ярилцлагууд ч олон бий. Бүтээлүүдээ монгол, орос, англи хэлээр нийтийн хүртээл болгодог, дэлхийд хүргэж чаддаг сайн тал бий. "Монголын Тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэл", "Монголын тэнгэрийн үзэл ба эдүгээгийн дэлхийчлэлийн үзэл", “Тэнгэризмийн монгол үзэл суртал ба Хубилай Хаан” гээд олон бүтээл нь тэнгэрсудлаачдад нэр зартай, юм л бол эшлэл авдаг бүтээлүүд болсон байна. Академич Ш.Бира гуай л анх 1986 онд Ташкентэд болсон Алтайсудлалын Олон улсын хурал дээр "К истории культа Тнгри у монголов" /Монголчуудын Тэнгэр шүтлэгийн түүхийн асуудалд/ сэдэвтэй илтгэл тавьж, Тэнгэрсудлалын асуудлыг хөндсөн түүхтэй юм билээ. Тэнгэрийн тухай ойлголтын түүхэн замналыг гаргаж, улмаар Тэнгэр дээдлэх үзэл бол XIII зууны үеийн монголчуудын албан ёсны үзэл суртал байсан гэдэг дүгнэлтийг анх дэвшүүлж, монголчуудын Тэнгэр үзлийг "газардуулсанд" Ш.Бира гуайн том гавьяа бий л дээ. Миний ойлгосноор Ш.Бира гуай монголчуудын тамга, Гэрэгэний гол илэрхийлэл, тунхаг болох "Мөнх Тэнгэрийн хүчин дор, Хааны суу залиар" гэдэг үгс, ойлголтыг тогтон болгоож, Мөнх гэж ухаарч буй Тэнгэрээс /дээд Орчлонгоос/ илгээгддэг аугаа их хүчин нь хүмүүний амьдрал ахуй, ажил үйл, хувь заяанд нөлөө, оролцоотой байдаг юм байна, түүнийг үйл ажиллагаандаа бодотоор тусган, ухаарч мэдрэн, ивээлд нь багтаж чаддаг хүн бол суу заль төгс нэгэн байдаг юм байна хэмээн ойлгож, түүнээ тусгайлан судалж, бясалгажээ гэж ойлгогддог. Хаан хүн дээр аваачин суу заль хэмээн нэрлэсэн тэр онцгой шинж, чадварыг бид жир амьдралын хүрээнд бол хийморь, эрийн хийморь гэх мэтээр нэрлэн, мөн л өөрсдийнхөөрөө ойлгож, ухаарч мэдэрч л байдаг л даа. Тэнгэр бидэнд хүч нэмэрдэж байна гэж ойлгоно гэдэг орчлонт ертөнцийн шүтэлцээг ойлгох нэг түлхүүр мөн нь мөн л дөө. Нөгөө нэг онцгойлон ухалдсан үг болох суу заль буюу Харизм /Charisma/ нь хишиг гэсэн утгатай Герег үгнээс гарвалтай үг юм билээ. /Түрхэлэг буюу анхаарал татах зүйл гэсэншүү утгатай/ Бурханы хишигт, онцгой чадвартан юм байна гэж ухаарагддаг. Ер нь бол шашин, домгийн үүсгэлтэй л ойлголт л доо. Барууныхан charisma гэдгээ Бурханаас хишиг хүртээсэн сүнслэг шинж буюу оюун санааны шинж чанар хэмээн ойлгож, голцуу сэтгэл хөөрөл, хөдлөл, сэтгэлзүйн талаас нь угшуулж үздэг бололтой юм билээ. Бид түүнийг Тэнгэр заяатан гэж үздэг. Хутагт, хувилгаад, бөө, улаач нар руугаа л татаж ойлгодог л доо. Түүнийг академич Ш.Бира жир нэг шүтлэг бишрэл, шашины үзэл номлол ч биш үзэл суртал, суртахуун байжээ гэж үзсэн.
Нурмагамбед Глаждынович Аюпов бол Шинжаанд төрсөн уйгар хүн юм билээ. Эртний угшилт Алтай соёлын бие төлөөлөл гэсэн үг л дээ. Шашин, шашины философи олон жил судласан, тэр чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл арвинтай судлаач, математикч, багш хүн байсан. Эртсудлал, Түрэгсудлалаар голлон ажилласан лут эрдэмтэн юм билээ. Олон хэл мэддэг хүн байжээ. Уйгар, хятад, орос, араб, узбек, казах, татар гээд 7-8 хэл мэддэг байсны дотор цагаадай хэл мэддэг цөөхөн хүний нэг байсан юм билээ шүү. Амьд асан бол Тэнгэрсудлал руу нэлээн хүчтэй орох боломжтой хүний нэг гэж ойлгогддог. Нэг үгээр, Тэнгэр шүтлэгийг шашины тогтолцоо, ертөнцийг үзэх үзлийнх нь хувьд судалсан түүний судалгаа бидэнд чухал л даа.
Тэрбээр профессор Н.В.Абаевтай хамтарч "Тенгрианская цивилизация в духовно- культурном и геополитическом пространстве Азии" /Тэнгэрийн соёл- иргэншил Азийн шашин-соёлын болон геополитикийн орон зайд/ сэдэвт том төсөл хэрэгжүүлж, нэгдүгээр хэсэг болох "Тенгрианство и этноэкологические традиции тюрко-монгольских народов Внутренной Азии" /Дотоод Азийн түрэг-монгол түмний Тэнгэр шүтлэг болон угсаатан хэв шинжит байгаль хамгаалалын уламжлал/ номоо Абаканд 2009 онд хэвлүүлж, хоёрдугаар хэсгийн нэгдэх ном "Экологическая культура в тенгрианско-буддийской цивилизации народов Внутренной Азии" /Дотоод Азийн ард түмнүүдийн тэнгэр-буддын соёл иргэншил дэх байгаль хамгаалах соёл/ номоо 2010 онд Алматад хэвлүүлж, түүний үргэлжлэл хоёрдах ном болох "Тенгрианство как открытое мировоззрение" /Тэнгэрчлэл ертөнцийг үзэх нээлттэй үзэл болох нь/ ном нь мөн Алматад 2012 онд хэвлэгдсэн юм билээ.
Лалын шашинтай орныхонд Тэнгэр шүтлэг, Буддизмын тухай ярьж бичихэд тийм ч амаргүй л дээ. Тийм учраас байгаль хамгаалал, байгалиа хамгаалдаг соёл, байгаль дэлхийгээ хамгаалахад хамаатуулж болох угсаатны заншил, зан үйл, элдэв ёслолын тухайд буюу тэр асуудлын дэвсгэр дээр шашины тогтолцооны ерөнхий асуудал болгон авч үзэх юмуу, энэ талаарх асуудлаар Буддын шашинт орныхон, Тэнгэр үзэлтнүүдтэй хамтарсан судалгаа хийх замаар л асуудалдаа ойртох арга ухааныг сүвэгчилдэг бололтой юм байна. Аюпов ч мөн тиймэрхүү л байдлаар судалгаагаа явуулж байсан нь бүтээлүүдийнх нь гарчигаас харахад ч тодорхой байдаг. Профессор Н.Г.Аюповын хувьд ер нь судалгаагаа Алтай соёлын хөрсөн дээр түүхэн урт удаан хугацааг эзлүүлэн, философилог тавилтай авч үздэг болохоор тэр тал нь Тэнгэр судлаачдад аргазүйн хувьд ч нөлөөтэй нь мэдээж. Талийгаач доктор Н.В.Абаевын хувьд ч мөн судалгааны аргазүй, тавил нь үлгэрлэлтэй байж болохоор байдаг. Харин Тэнгэрсудлалыг Буддын шашинтай холбох, Буддизмын үүднээс авч үзэх, зан үйлийн талыг чухалчилдаг тал, судалгааных нь онцлогийг бодолцох л хэрэгтэй юм.
Ер нь Тэнгэрийн тухай ойлголт мэдлэг нь түүхэн маш урт удаан хугацаанд хуримтлагдаж иржээ гэдэг нь хадан зураг, эртний судлал,Дотоод Азид хийсэн олон малтлагын баримтуудаас тодорхой харагддаг л даа. Миний бодлоор Тэнгэр, Тенгри ,Тангара, Тувачууд бол бүр Дээд гэж нэрлэдэг энэ үг олон олон аялгуунд өртөн өөр өөрөөр сонсдох болсон ч ойлголт, агуулгын хувьд суурь холбоотой, ер нь Алтай хэлний гарвалтай л үг гэж ойлгогддог. Тэгэхээр Алтай соёлыг ч, Тэнгэрийн тухай бүр анхны мэдлэг, ойлголтыг ч Хүн нарын үе юмуу, Чингисийн үе рүү татах боломж багатай гэж бодож байна. Илүү эртний танин мэдэхүй, утга соёл гэж үзмээр байгаа юм.
Үргэлжлэл ард бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ