Нэр дэвшигч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн сонгогчидтой уулзлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.27/ Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрбээр уулзалтын эхэнд “Сүхбаатар дүүрэг бол нийслэл хотын гал голомт, зүрх нь болсон онцгой дүүрэг” хэмээн тодорхойлов. Түүнчлэн хүн засагладаггүй хууль засагладаг төр улстай болохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа хэлээд “Шударга ёс бол та бидний амьсгалж буй агаартай яг ижил. Нийгмийн агаар цэвэрших ёстой. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгаж болохгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Бид ийм төртэй байсан. Цаашид ч байх болно. Шударга нийгмийг бүтээхийн тулд хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ханыг нураах хэрэгтэй. Та бүхэн 2018 оны өвөл хасах 30 хэмийн хүйтэнд Д.Сүхбааатарын талбайд 30 мянган иргэн “МАНАН бүлэглэлийн дэглэмийг нураая” гэж тэмцсэнийг санаж байгаа байх. Одоо хонгилын шүүхийг нурааж цэвэрлэх ёстой” гэлээ.

Сүхбаатар дүүргийн иргэд улс хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой болж буй энэ түүхэн жил Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэн бүр зөв сонголт хийх ёстой гэдгийг тодотгож байлаа. Мөн байгалийн баялгаасаа хувь хүртээж тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадын зээлийг тэглэж, мөн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг олгосон. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн гээд айл өрхөд бодит дэмжлэг болсон шийдвэрийг У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан нь цар тахалтай хүнд цаг үед иргэдийн аж амьдралд ихээхэн дэм болсныг хэлж байв.
Сүхбаатар дүүргийн иргэдийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед утаа буурсан нь бодит асуудал гэдгийг хэлж, цар тахлын үед төр, иргэдийнхээ төлөө олон зөв шийдвэр гаргасан гэдгийг дахин тодотгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ