Шинж тэмдэг илэрсэн, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст яаралтай тусламж хүргэж эхлэв

Коронавирусийн үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Энэ дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ.

119 лавлах төвийн нэгдүгээр шугам  Улсын онцгой комиссын дэргэд байрладаг. Орон нутаг руу зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгдөг юм.

Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид хоёр ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна.

Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.

Өнөөдрөөс явуулын 40 амбулаторийн автобусыг төвийн зургаан дүүрэгт хуваарилав. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.

Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ