Б.Цэцэгсайхан: Арбидол болон вирусын эсрэг эмийн нөөц хангалттай байгаа

     "Ковид19-ийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор "Арбидол" эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, байгаа талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагууд вирусийн эсрэг эмийн асуудлаар өнөөдөр /2021.06.16/ мэдээлэл хийлээ.  

 Энэ үеэр тэд өнөөдрийн байдлаар зах зээлд вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна гэдгийг мэдээлэв. Хэдийгээр Covid-19 халдварын эсрэг хэрэглэж буй Арбидол эмийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн татвараас чөлөөлсөн ч НӨАТ-аас чөлөөлөөгүй байгаа. Эмийн үнэ өсөхөд тээврийн зардал нөлөөлсөн байж болзошгүй байна" гэв. 

 Өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгжийн 12 төрлийн эмийг импортдог гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлж байна. Тус агентлагийн дарга Б.Цэцэгсайханы хэлсэнээр Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаар дээрх аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгожээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан мэдээлэл өглөө.    

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан:

- “Хүний эмийн зөвлөлөөс нэг удаагийн эмийг импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгөхдөө үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх заавар өгдөг. "Ач Үр" компанийн тухайд, ЭМЯ-наас эм импортлох зөвшөөрлийг нь өгсөн. Үүсээд буй асуудалд тухайн компаниас тайлбар өгөхдөө, хил гаалийн улмаас нааш, цааш буцах асуудал үүсэж, эм тээвэрлэх өртөг өссөн учир эмийн үнэнд өөрчлөлт орсон гэдэг мэдээллийг өгсөн.   

Импортын үнийн эм нэмэгдэхэд татвараас гадна тээврийн зардал нөлөөлдөг. Арбидолыг Москвагаас Турк, Туркээс Солонгос, Солонгосоос Улаанбаатар гэсэн маршрутаар оруулж ирж байгаа учир тээврийн зардал өндөр. Тээврийн зардал өмнөхөөсөө тав дахин өссөн байгаа нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж байгаа. Эмийн сан нь халдвар тарах өндөр эрсдэлтэй газар учраас халдвар хамгаалал, ариутгал хийх зардал нь дагаад өсдөг.  Манай байгууллага зах зээл дээр эмийн үнийн хөөрөгдөл гарсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна. ШӨХТГ-тай хамтарч, хяналт шалгалт хийж байгаа. Хамтарсан шалгалтын дүн маргааш, нөгөөдрөөс гарна.     

Өнөөдрийн байдлаар 15 ААН-д уг эмийг импортлох нэг удаагийн тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч зарим компаниуд төлөвлөсөн хэмжээгээр эмээ оруулж ирээгүй байна.  Жишээ нь Арбидол эмээс 3 сая ширхгийг импортлох зөвшөөрөл авснаас 1.3 сая ширхэг нь ирсэн. "Фавипиравир" эмээс 2 сая ширхгийг оруулж ирэхээс 750 мянган ширхэг орж ирсэн. Ремдесвир эмээс 25700 ширхгийг импортлохоос 12200 ширхэг орж ирсэн байна.

Арбидол эм нь ширхгийн тооноос хамаарч хайрцгийн үнэ тодорхой болдог. Хайрцаг, тун хэмжээний ялгаанаас үүдэн төөрөгдөл гарсан байж магадгүй. Бид ААН болгонтой эмийн үнийг нэг бүрчлэн ярилцаж хэрэглэгчдийн гар дээр очих дээд үнийг хамтарч шийднэ. Яг өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн хяналт зохицуулалтын газраас эмийн үнэд  нөлөөлөх боломжгүй байгаа. Удахгүй хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орно гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ