Путин, Байден нар стратегийн тогтвортой байдлын тухай хамтарсан мэдэгдэл гаргав

   Өчигдөр Женевийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан  стратегийн тогтвортой байдлын тухай Орос, АНУ-ын хамтарсан мэдэгдэл Кремлийн сайтад нийтлэгдсэнийг телевизийн “Россия-24” суваг мэдээлжээ.    

  Байдал түлгшүүртэй үед ч хоёр орон энэ салбарын нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад  ахиц дэвшил гаргаж чадна гэдгийг баримт бичигт тэмдэглэсэн байна. Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлаж, хорогдуулах тухай гэрээг саяхан сунгасан нь  үүний нэг жишээ мөн. Энэ зорилгод хүрэхийн тулд Орос, АНУ хоёр ирээдүйд зэвсэглэлд хяналт тавьж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах үндэс тавих  яриа хэлцээг ойрын үед хийж эхлэнэ.   

Уулзалтын дараа Путин хоёр цаг орчим сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрбээр хэлэлцээг үр бүтээлтэй болсон гэж тодорхойлоод, ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд Элчин сайд нараа буцаахаар тохиролцсныг мэдээлэв. Путин мөн Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэж хэлсэн байна.    

Харин Байдены хэвлэлийн бага хурал арай богино байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг мөн бүтээлч уур амьсгалд болсныг хэлжээ. Тэрбээр АНУ-ыг чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйгийн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдээлсэн байна.     

Хэлэлцээний дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин нотолжээ.    

Ерөнхийлөгч нар хоёулханаа  бараг хоёр цаг ярилцаж, харин янз бүрийн хэлбэрээр бараг дөрвөн цаг хэлэлцээ хийсэн байна.   Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ