Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоосон нь шийдвэртэй алхам боллоо

Цар тахлын үед эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газартай хамтран хяналт шалгалтын ажлыг богино хугацаанд зохион байгуулж, улмаар талуудтай зөвшилцөлийн ширээний ард сууж нийтийн эрүүл мэндийн төлөө том зорилго дээрээ нэгдэж чадсан нь өнгөрч буй долоо хоногт гарсан хамтын сайн шийдвэр байлаа.
Өөрөөр хэлвэл Коронавирусын эмчилгээнд хэрэглэж байгаа вирусын эсрэг зарим эмийн үнийн дээд хязгаарыг үйлдвэрлэгчийн үнэ, гаалийн болон бусад татварууд, тээвэр ложистикийн зардлууд зэргийг тооцоолон судалж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай зөвшилцөн дараахь байдлаар тогтоосон байна.


Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханаас тодруулахад тэрээр:
-"Сүүлийн үед эмийн үнийн өсөлттэй холбоотой ШӨХТГ-тай хамтарсан шалгалтуудыг хийсэн. Ковидийн эмчилгээнд ашиглаж байгаа эмүүдийн зөвшөөрөл авсан 15 ААН-үүдтэй ярилцаж, импортоор оруулж ирж буй үнийг нь судалсан. Ингээд үнийн хөөрөгдөл гаргахгүйн үүднээс тухайн эмүүдийн жижиглэнгийн болон бөөний үнийн хамгийн дээд хязгаарыг тавьж өгсөн. Тухайлбал БНХАУ-д үйлдвэрлэсэн Арбидол эм 19,500 төгрөгөөр, ОХУ-д үйлдвэрлэснийг 36,000-аас илүүгүй зарагдана. Украйн улсад үйлдвэрлэсэн Арбивир эмийг 29,500 төгрөгөөр эмийн сангууд дээр зарагдана. Үүнээс гадна Арбидол эмийг дотооддоо үйлдвэрлэх ажил эхэлсэн. Эмийн түүхий эд, эмийг бүртгэх асуудлыг бодлогын хүрээнд яаралтай дэмжиж ажиллаж байгаа. Хэрэв энэ эмийг үндэсний үйлдвэр үйлдвэрлэдэг болвол эмийн үнэ 10,000-13,000 төгрөг болж буурах боломжтой” гэв.
Ийнхүү олон жил яригдсан Эмийн агентлаг буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм,Эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай болсоноор анх удаагаа эмийн үнийн дээд хязгаарыг ковидын үеийн эмчилгээнд орж байгаа вирусын эсрэг эмүүдэд тогтоож өгч чадлаа. Хэдийгээр хууль эрх зүйн орчин хараахан бүрдэж амжаагүй байгаа хэдий ч эм ханган нийлүүлэх хувийн хэвшлийнхэнтэй богино хугацаанд ойлголцож, вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь цаашид ч нийгмийн, нийтийн эрүүл мэндийн төлөө нэгэн сайн жишиг болж үргэлжлээсэй.
Н.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ