"Тэнгэрт хадсан" тээврийн үнийг зохицуулъя!

БНХАУ-ын талаас цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд удаж байна. Үүнээс улбаалаад Замын-Үүд чөлөөт бүсэд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэж, хилийн цаана бараа овоорсон байдалтай байна. Өмнөх сард Замын-Үүдэд 700-аад машиныг дараалалд оруулсан гэж мэдээлж байсан. Гэвч нэвтрэх машины тоо хязгаартай, ачааны үнэ огцом нэмэгдсэн нь иргэд, аж ахуй нэгжийнхнийг бухимдуулж байна. 


Ийнхүү ачаа тээврийн зардал хэд дахин өссөнөөр иргэд бараагаа авах хэцүү, байх хэцүү ёстой л “ацан шалаа”-нд ороод буй юм. Уг явдлын учгийг тодруулахаар ачаа тээвэртэй холбоотой хэд хэдэн wechat группээр орвол “Замын-Үүд дотроо 10 саяар ачиж байгаа юм байна. Хот дотор хэдээр ачиж байгаа юм бол? Замын-Үүдийн ханшаа 10 саяас битгий буулгаарай” гэх Монгол жолоочийн үг, 90 мянган юаниар авч байна” гэх өвөрлөгч эрийн үнийн санал, 60 юаниар авдаг байсан бараагаа 200 юаниар авах болсон тухай захиалагчийн гомдол хөвөрч байв.


 

Нэг талаас хэрэглэгч, захиалагчдын зүгээс жолооч нарыг нөхцөл байдлыг далимдуулан тээвэрлэлтийн үнээ өсгөлөө гэж үзэж буй. Харин жолооч, тээвэрлэгчид БНХАУ-ын талаас ихээхэн асуудал шалтгаалж байна гэж тайлбарласан юм. Гэвч энэ бол ганц удаагийн өгөө аваа, төлбөр тооцооны асуудал биш юм. Үүний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэж, иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулах уршигтай. Тэгэхээр хилийн боомт дээр өрнөж буй хяналтгүй, зах замбараагүй үнийн өсөлт, дэлгүүрийн лангуун дээрх бараанд шуурга шиг нөлөөлөх нь аргагүй. Иймд тээврийн үнэ тэнгэрт хадсан энэ байдлыг төрийн зүгээс түргэн зохицуулах шаардлагатай байна.  

 


Г.Хулан 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ