ЗГ:Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар элчин сайдуудыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн" гэв.
Тиймээс одоогийн тогтоосон байгаа "Улбар шар" түвшингийн хөл хорионы дэглэм цаашид хэвээр мөрдөгдөнө.
Архангай, Булган, Говь-алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймаг Covid-19 халдвар хүн амын дунд өргөн тархаж "улаан түвшин"-д байгаа билээ. Дэлхий нийтэд Covid-19-ийн мутацилагдсан хувилбарууд гарч байна. БНХАУ болон ОХУ-д мутацид орсон хувилбарууд илэрч байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж байгаа юм.
ААН-ҮҮД БОЛОН ХИЛИЙН БООМТУУДЫН ХОРИГ ҮРГЭЛЖИЛНЭ
Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 18 аж ахуй нэгж, салбарын үйл ажиллагааг хязгаарладаг. Салбарын үйл ажиллагааг хязгаарласан ч хариуцлагын гэрээний хүрээнд зарим нэгжийг нээсэн. Өөр нэгэн сунгаж байгаа өөрчлөлт бол хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгаж байна. Тодруулбал, агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтын хөдөлгөөнийг түр зогсоох хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна.
Хөл хорионы асуудлыг Улсын онцгой комиссоос мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ