Налайхад 300 орчим хүн цуглаж, хурдан морины сунгаа хийсэн уяачид хариуцлага тооцжээ

 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм.  Гэтэл энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүргийн III дугаар хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоосон байна. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн уяачид хариуцлага хүлээлгэлээ.  Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй долоо худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд найман уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүллээ.  Зарим уяач уралдаанч хүүхдээ вакцинд хамруулаагүй, бүртгэлжүүлээгүй, эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчлүүд гарч, тус уяачдад шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ