Улаанбаатарт 1,030, орон нутагт 748 батлагдаж ,13 хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 орчим хүнд шинжилгээ хийх явцад 1,793 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 136,053 болж байна. 1,783 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодод бүртгэгджээ. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • 1,030 нь Улаанбаатар хотод
  • 748 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 3,397 хүн эдгэрч, нийт 99,910 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 11,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 6,995
  • Хүндэвтэр - 3,333
  • Хүнд - 1,102
  • Маш хүнд - 215 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Монгол Улсад Covid-19  халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал, 2021 оны  хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ажиглагдагдсан.

Хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-наас эхлэн зургадугаар сарын 20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин тавдугаар сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.

Вакцин хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирсэн.

Вакцин нь халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусээс хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалагдана. Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2.8 хувь байсан бол 1.8 хувь болсон. Хөнгөн өвчтөн 50-64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна.

Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмнэлгийн ажилчид халдварт өртсөн байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ