Коронавирусийн дельта хувилбараас ч илүү аюултай штамм гарч ирж болохыг Гебрейесус анхааруулжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адан  Гебрейесус коронавирусийн цар тахлыг зогсоож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд туслах аргыг тайлбарлажээ. Тэр Токио хотод Олон улсын олимпийн хорооны  138 дугаар чуулган дээр ингэж  мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.  Дараа оны дунд үе гэхэд орон  бүрийн хүн амын 70 хувийг  вакцинжуулах  нь  цар тахлыг  давж гарахад туслана гэж тэр мэдэгдсэн байна.  “Энэ оны есдүгээр сар гэхэд орон бүрийн хүн амын наанадаж 10 хувь, он дуусахаас наана  хүн амын наад зах нь 40 хувь,  дараа жилийн дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулахыг миний бие Олон улсын  валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагын хамт уриалсан юм. Хэрвээ бид эдгээр үзүүлэлтэд хүрч чадвал, цар тахлыг зогсоох  төдийгүй,  дэлхийн эдийн засгийг сэргээж чадна” гэж тэр  тэмдэглэжээ. Шинэ коронавирусийн цар тахал нь бидний дийлэхгүй байгаа сорилт болж байна. “Цар тахал хэзээ дуусах вэ хэмээн надаас байнга асуудаг. Үнэхээр ч, ковид болон цар тахал  бидний өмнө өч төчнөөн  асуудал тавьсан юм.  Цар тахал бол сорилт, дэлхий ч түүнийг хүчрэхгүй байгаа юм” гэж тэр хэлээд, наймдугаар сарын 8-нд Токиод Олимпийн наадам дуусах үеийн прогнозоор бол, дэлхийд “100 мянгаас илүү хүн нас барахаар” байна гэжээ. Коронавирусийн дельта хувилбараас ч илүү аюултай штамм  гарч ирж болохыг Гебрейесус өмнө нь анхааруулсан юм. Вирус илүү их өргөн тархахын хэрээр одоо ч  их хохирол учруулж байгаа дельта хувилбараас бүр илүү аюултай байж болох хувилбарууд гарч ирнэ  гэж тэр хэлсэн байна. Гебрейесус үг хэлэхдээ, цар тахлын нөхцөлд Токиогийн олимпийн наадам аюулгүй болж өнгөрнө гэдэгт найдаж байгаагаа  бас илэрхийлжээ.
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ