Хөрш хоёр орны тэгш ойн ялгаа

Монголд ардын хувьсгал ялсны 100, Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой ойрхон тохиов. Хөрш хоёр орны аль алиных нь хувьд түүхэн тэмдэглэлт чухал ой. Зэрэгцэн тохиосон хоёр ойтой холбоотой үйл явдлуудад харьцуулж болшгүй зүйл олон бий. Тэдгээрийг орхиод харьцуулан дүгнэж болох хоёрхон асуудлыг авч үзье.
БИД ӨНГӨРСӨН 100 ЖИЛЭЭ ХЭРХЭН ДҮГНЭВ?
УИХ долдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэлийн хуралдаан хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлохын чухлыг тэрээр тэмдэглээд Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь улс эх орноо харийн дарлалаас чөлөөлж, жинхэнэ ардын эрхт ёсыг тогтоон, тусгаар тогтнолоо тунхагласан явдал гэж дүгнэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 100 жилийг монголчуудын Сэргэн мандал, Тусгаар тогтнол, Бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байсан гэдгийг онцоллоо. Тэрээр “Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Сүхбаатар тэргүүтэй эх орончдын эр зориг, мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон” гэсэн боловч цөөн хэдэн үгний дараа “Эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Сүхбаатараар удирдуулсан эх орончид маань Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эрх чөлөөний тэмцлийг эхлүүлсэн” хэмээн мөнөөх л намч, ангич байр сууринаас Ардын хувьсгалын түүхэнд хандаж ирсэн уламжлалт үзэл баримтлалыг давтав. Энэ хувьсгалын гадаад хүчин зүйл, Коминтерн болон Зөвлөлт Орос улсын дэмжлэг, энэ нь Монгол улсын сэргэн мандалтад хэрхэн нөлөөлсөн талаар улстөрийн ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.
ТЭД ӨНГӨРСӨН ЗУУН ЖИЛЭЭ ХЭРХЭН ДҮГНЭВ?
БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын илтгэлдээ “100 жилийн уйгагүй тэмцлийн үр дүнд бид амьдралын дундаж түвшний иргэдтэй улсыг цогцлоон байгуулж чадсан” гэж тайлагнав.
БИД ИРЭХ 100 ЖИЛИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?
УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ зуунд бид Шинээр сэргэн мандсан шинэ Монголын түүхийг эхлүүлж, хөгжил дэвшлийн гэгээн ирээдүйн гэрэлт замыг засах ёстой” гэж хэлснийг шинэ зууны зорилт гэж нэрлэе дээ. Түүнээс биш “Олсноо бататгаж, алдсанаа залруулах, зөв зүг рүү тууштай урагшлах нэг л сонголт бидэнд бий... Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн Эрх зүйн хувьсгалыг үр дүнд хүргэж, парламентат ёсоо бэхжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал зорилт... Зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударгаар ард иргэддээ хүртээгдэж, тогтвортой хөгжлийн бүх нөхцөл хангагдсан шинэ Монголыг цогцлоох үүрэг хариуцлага ногдож байна...” гэх зэрэг ерөнхий, ойрын хугацаанд хийж хэргэжүүлбэл зохих ажлуудыг 100 жилийн зорилго, зорилт гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Үнэнийг шулуухан хэлэхэд Монголын төрд хоёр дахь зуунд ямар зорилго дэвшүүлж, юу хийх тухай тодорхой төлөвлөгөө алга.
ТЭД ИРЭХ 100 ЖИЛИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?
Хятад улс орчин үеийн, илүү хүчирхэг социалист улс болох нь хоёр дахь зуун жилийн зорилго гэж мэдэгдэв. Бас Хятадын онцлогтой социализмын амин сүнс нь Максизмын онол учраас энэхүү үзэл баримтлалыг хятад хөрсөнд нутагшуулах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тодорхой илэрхийллээ. Хятадын ард түмнийг гадныхан дарлан дээрэлхэх оролдлогыг хэзээ ч зөвшөөрөхгүй, мөн өөрсдөө хэзээ ч ийм алхам хийхгүй гэж хоёр дахь зууны гадаад бодлогын үзэл номлолоо тодорхойлов.
БИД, ТЭДНИЙ ЯЛГАА
Бид өнгөрсөн түүхээ түлхүү ярив. Тэд ирэх зууны зорилго, зорилтоо түлхүү ярив. Бид угтах зууны төгсгөлд хүрэх ёстой өндөрлөг, очих ёстой цэгээ товлоогүй гэдгээ харуулав. Тэд зорилгоо тодорхой томъёолж, 2121 он хүртэл баримтлах үзэл номлол, байр сууриа дэлхийд зарлав. Хөрш хоёр орны төрөө засаж, улсаа удирдах ухаанд ялгаа зөрүү мөн ч их байна даа.
Урианхан Б.Галаарид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ