ЭМЯ: Коронавирусын халдварын тоо нийслэлд буурч, орон нутагт өсөх хандлагатай байна

Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долдугаар сард буурсан гэж ЭМЯ мэдэгдлээ. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 17.6 хувь болсон. Харин орон нутагт долдугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна. Хүмүүс цаашид халдварын эрч саарах эсэх тал дээр эргэлзэж байгаа. ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн хоногуудад нийслэлд батлагдах халдварын тоо буурч, орон нутагт өсч байгаа учраас иргэд олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах ёстой.
Мутацид орсон вирусийн тухайд долдугаар сарын 23-ны байдлаар дэлхийн нийт 192 улсад халдвар бүртгэгдсэн. Эдгээрээс давхардсан тоогоор 180 улсад Альфа хувилбар, 130 улсад Бета хувилбар, 78 улсад Гамма хувилбар, 124 улсад Дельта хувилбар илрээд байна. Монгол Улсад бүртгэгдээд байгаа Дельта хувилбарын нууц хэлбэр 4-5 хоног, халдвар тархах хугацаа 6-7 хоног дунджаар байдаг. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай барих зайлшгүй шаардлагатай байна гэж албаныхан ярьж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусээр өвдсөн хэчнээн тохиолдол байгаа талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохицуулалтын газрын дарга Л.Энхсайхан "Дельта вирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо долоо байна. Тухайн иргэдийг тусгаарлах болон тандалтын арга хэмжээг аваад явж байгаа. Тухайн иргэдийн биеийн байдал тогтвортой байна" хэмээв.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1243 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 724 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 153783, нийт нас баралт 761 болжээ.
24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны зургаан хүн архаг хууч өвчний хавсарсан болон коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Нас барсан хүмүүсийн хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 761-д хүрлээ.
Өнгөрөгч хоногт 2732 хүн эдгэрч, эмнэлгээс гарс байна.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 5961
- Хүндэвтэр 2825
- Хүнд 944
- Нэн хүнд 214 хүн эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ