Нэгдүгээр ангид элсэгчдийг хаягийнх нь дагуу сургуулиудад нь шууд хуваарилна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ жил улсын хэмжээнд 81378 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ гэж тооцжээ. Өмнөх жилүүдэд зарим газарт цахим бүртгэлийг туршилтын журмаар хэрэгжүүлж байжээ. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг оруулж бүртгүүлдэг байсан байна. Харин энэ жилийн тухай улсын бүртгэлийн системийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягийнх нь дагуу зургаан настай хүүхдүүдийг хамран сурах тойргийнх нь сургуулиудад шууд хуваарилах юм байна. Сурагчдыг сургуулиудад хуваарилах ажлыг наймдугаар сарын 16-наас өмнө хийж дуусах бөгөөд түүнээс хойш эцэг эхчүүд бүртгэлийн системд хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтэрч хүүхэд нь аль сургуульд харьяалагдсаныг мэдэх, бүртгэлийг нь баталгаажуулах ажээ. Эцэг, эхчүүд энэ сарын 16-25-нд parent.edu.mn цахим хаягаар нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах юм. 

Бүртгэл нь баталгаажсан сурагчдыг сургууль нь ангиудад хуваарилах юм байна. Эцэг, эхччүүд хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулахдаа утасны дугаараа бүртгүүлэх бөгөөд тухайн дугаараар нь хүүхэд нь ямар бүлэгт харьяалагдсаныг есдүгээр сарын 1-нээс өмнө мэдэгдэх аж. Хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулаагүй эцэг эхчүүдтэй сургууль нь хороогоор нь дамжуулан холбогдоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ