Г.Өлзийсайхан: Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4378 чингэлэг байгаа

Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан БНХАУ-ын Тяньжин боомтын ачаа тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "БНХАУ-ын Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4378 импортын чингэлэг байгаа. Яамны зүгээс Хятадын Гадаад хэргийн яамтай энэ асуудалд онцгойлон анхаарч, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, сэргээх, цар тахлын өмнөх нөхцөл байдалд оруулахаар ажиллаж байна. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд “Cosco” компаниас ирүүлсэн Малайз, Тайланд, Сингапураас Тяньжины чиглэлийн чингэлгийг авахгүй гэх мэдэгдлийн талаар бид тодруулсан. Монголын тээвэр зуучлагчдын холбооноос өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд явсан тус мэдэгдэл буруу ойлгогдсон талаар бидэнд албан бичиг ирүүлсэн. Учир нь “Cosco” компани Монгол Улс руу ирэх чингэлгийг хүлээж авахгүй гэх мэдэгдэл гаргаагүй бөгөөд зөвхөн Тяньжин дахь нөхцөл байдал сайжрах хүртэл Тайланд, Малайз, Сингапураас гаралтай ачааг түр зуур хүлээж авахгүй гэх мэдэгдлийг өөрсдийн тээвэр зуучийн байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд ойлголтын зөрүү үүссэн юм билээ. Одоогийн байдлаар Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооноос Тяньжин боомт дах Монгол Улсын импортын чиглэлийн бүх дугаарыг боомтын удирдлагад нь хүргүүлээд буй. Тэгэхээр ойрын хугацаанд асуудал нааштай шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөн Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-ын төмөр замын корпорацын удирдлагад Тяньжин боомтоос татаж авч байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг биечлэн хүргүүлсэн. Хэрвээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж чадвал өдөрт нэмэлт 2-3 галт тэргээр зөөвөрлөх болно. Асуудлыг ойрын 3-4 долоо хоногт энгийн дэглэмд оруулна гэсэн хүлээлттэй ажиллаж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ