Оюутолгойн гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулга хийнэ

ШУТИС-иас зохион байгуулж буй ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиум эхэллээ. Тус симпозиум нь хоёр өдөр үргэлжлэх юм. Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцах юм байна.

Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна "Рио Тинто" болон Оюутолгой компанийн төлөөлөл Оюутолгойн гүний уурхайн блоклон олборлох технологийн талаар танилцуулга хийхээр төлөвлөжээ. ШУТИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болох зорилгын хүрээнд геотехникийн судалгааны төв болохоор зорьж байгаа. Энэ хүрээнд Рио Тинто групп, Оюу толгойн дэмжлэгтэйгээр хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү олон улсын симпозиумыг" Рио Тинто Монгол" ХХК-аас дэмжин оролцож байна. Симпозиумын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, "Рио Тинто"-гийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ