Шинэ цэвэрлэх байгууламж барих зардал 35 орчим хувиар нэмэгдэнэ

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албаныхан төв цэвэрлэх байгууламжийг барилгын ажилтай танилцлаа.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан. Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд барьж байгаа юм. Үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250000 м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх юм.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд 2023 онд графикийн дагуу барилга угсралтын ажил дуусч, 2024 онд Засгийн газарт хүлээлгэж өгнө гэдгийг албаныхан хэллээ. Гэхдээ барилгын материалын үнэ өсч байгаа учраас нийт зардал 35 орчим хувиар өсөх магадлалтай байгаа аж. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн зохицуулагч нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулахгүй бол цаашдаа барилга угсралтын ажил саатах нөхцөл үүснэ гэдгийг хэллээ.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 1967 онд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж хоногт 160 мянган куб бохир усыг хүлээж авах хүчин чадалтай, 500-600 мянган хүн амд зориулан барьсан. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам маш их өссөн. Тиймээс Улаанбаатарчуудыг ирэх 20,30 жил дэд бүтцээр хангах хамгийн чухал ажил болох хоногт 260 мянган куб бохир ус хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажил эхлээд явж байна. Энэ ажил 2024 онд бүрэн дуусах ёстой. Бага зэргийн хоцрогдол бий. Гэхдээ үүнийг шахаад ажиллана гэдгийг холбогдох албаныхан танилцуулж байна. Барилгын материалын үнэ өссөн, цаг алдсан асуудал байна. Төслийн нэгжийнхэн барилга байгууламжийг бариад манайд хүлээлгээд өгчихнө. Цааш нь үүнийг авч явах Ус сувгийн удирдах газрынхан барилгын ажилд оролцох, хяналт шалгалт тавьж байх, ашиглаад авч явах хүмүүст сургалт хийх олон ажлаа уялдуулах шаардлагатай байна.
Төслийн ерөнхий инженер: Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 40 орчим хувьтай байна. Монгол талаас зургаан компанийн 450 ажилтан ажиллаж байгаа бол 450 хятад хүн ажиллах ёстой ч цар тахлаас шалтгаалан 67 нь байна. Шинэ байгууламж нь 250 мянган м/куб цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад ороход хуучин цэвэрлэх байгууламжтайгаа хослуулан ажиллуулснаар 420 мянган м/куб усыг цэвэрлэх боломжтой болох юм.
Цаашид нарийн тоног төхөөрөмжийн угсралтыг гаднын мэргэжлийн байгууллагууд тэр дундаа герман, франц мэргэжилтнүүд ирж хийх ёстой ч цар тахал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Шинэ цэвэрлэх байгууламж 2024 он гэхэд дуусгаж улсад бүрэн хүлээлгэж өгөх юм. Цар тахлын үед мэдээж ялгаагүй л саад бэрхшээл байна. Барилгын материалын олдоц муу, олдсон ч 60-70 хувиар үнэ өссөн байна. Харин урьдчилж өгсөн захиалгатай учир арматур төмрийн нийлүүлэлт саадгүй байна. Мөн бид өөрсдөө дотооддоо бетон цехтэй учир цагт 240 м/куб бетон зуурдаг. Төв цэвэрлэх байгууламжийн энэхүү төслийн төсөв 262,7 сая ам.доллар ч инфляцын түвшин, барилгын материалын өсөлттэй холбоотойгоор барилгын өртөг 35 хувиар өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ