Хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиг хүртдэг вэ?

Хөрөнгө оруулалтын зорилго нь мөнгөө өсгөх буюу ашиг олоход оршдог. Өөрөөр хэлбэл, мөнгөөр мөнгө олох арга зам юм. Ямар ч хөрөнгө оруулалтын зорилго тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн тодорхой хэрэгцээг хангахуйц, бас цаг хугацаатай байх ёстой. Санхүүгийн зорилгыг богино, дунд, урт хугацааны гэж ангилдаг шиг хөрөнгө оруулалтын зорилго ч мөн адил ангилагдана.

 Хөрөнгө оруулалтаас ирээдүйд олж болох ашгийг хөрөнгө оруулалтын өгөөж гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хувьцааны хувьд ногдол ашиг, бондын хувьд хүү, үл хөдлөх хөрөнгийн хувьд түрээсийн орлого гэх зэргээр илэрдэг.

Хэрэв та банкны хадгаламжаас өөр аргаар мөнгөө өсгөх боломж эрэлхийлж байгаа бол хөрөнгийн зах зээл танд хэд хэдэн боломжит хувилбар санал болгодгоос танд хүргэж байна.

IPO буюу шинэ хувьцаа

Хөрөнгийн зах зээл дээр анх удаагаа хувьцаагаа зарж, хөрөнгө оруулалт босгож буй компанид хөрөнгө оруулалт хийх. Өөрөөр хэлбэл, ирээдүйтэй компаниуд хувьцаагаа зарж хөрөнгө оруулалт босгохдоо бодит үнэ цэнээсээ багаар үнэлж хувьцаагаа зарах тохиолдол байдаг.

Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай бөгөөд ашигтай арилжаа болохоос гадна богино хугацаанд ашиг олох боломжийг мөн олгодог.

Жишээлбэ “Ард Кредит” ХХК нь 2019 онд IPO хийж 5.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн юм. Анхдагч зах зээл дээр санал болгосон нэг хувьцааны ханш нь 81 төгрөг байсан бол өнөөдөрт тус компанийн хувьцаа тус бүр нь 193 төгрөгийн үнэтэй байна. Хэрэв та анхдагч зах зээлийн арилжаа буюу IPO хийж байх үед 10 сая төгрөгөөр тус компанид хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр тэр мөнгө тань 20 сая төгрөг болж өссөн байх нь.

Хувьцааны ханшийн өсөлт

Гэхдээ IPO бүхэн амжилт дагуулдаггүй гэдгийг сайтар санах хэрэгтэй. Тиймээс IPO-нд хөрөнгө оруулалт хийхдээ компанийн талаар сайтар судлах нь чухал гэдгийг анхаараарай. Түүнчлэн IPO өдөр бүр хийгддэггүй тул хөрөнгийн зах зээлд хөл тавих дараагийн арга нь хоёрдогч зах зээлд нэвтрэх. Өөрөөр хэлбэл, дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас сонгон хувьцааг нь өөр нэгэн хөрөнгө оруулагчаас худалдаж авна гэсэн үг.

Та ямар нэг компанийн хувьцааг худалдаж авснаар тус компанийн үйл ажиллагаа, удирдлагад оролцож, компанийн олсон ашгаас хүртэх боломжтой болдог. Бирж дээр арилжигдаж байгаа хувьцаанууд тухайн компанийнхаа үйл ажиллагаа, санхүү, ашиг орлогын үр дүн болон бусад хүчин зүйлээс хамаарч өсөж, эсвэл буурч байдаг.

Хөрөнгө оруулагчид ийм зүй тогтлыг ажиглан ирээдүйд орлого, ашиг нь өсөх хүлээлттэй байгаа ч өнөөдөр ханш нь хямд байгаа хувьцааг худалдан авч хадгалдаг. Ингээд тодорхой хугацааны дараа хувьцааны ханш нь өссөн үед нь эргүүлэн зарж ашиг олдог.

Жишээ нь, Ард санхүүгийн нэгдэл ХК. Өмнө нь хаалттай хувьцаат компани хэлбэртэй байсан тус компани IPO хийхээс өөр арга замыг сонгож буюу өмнө нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байсан компанийг худалдаж авснаар Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжигдах болсон юм. Урвуу нэгдэл хийгдсэний дараахан тус компанийн нэгж хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр 2000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнөөдөр 6900 төгрөг орчим байна. Хувьцааных нь ханш оргил үе дээ 12700 төгрөг хүрч байсан гэхээр хоёр жилийн өмнө хувьцааг нь худалдан авсан хөрөнгө оруулагч мөн л 600 хүртэлх хувиар ашиг хүртэж чадсан байх нь.

Ногдол ашиг

 Хувьцаанаас бас нэг орлого олох уламжлалт арга бол ногдол ашиг юм. Ногдол ашиг олгодог компаниуд ихэвчлэн жилийн эцэст хөрөнгө оруулагчдадаа олсон ашгаасаа хуваарилдаг.

Гэхдээ компани бүр харилцан адилгүй хэмжээгээр ногдол ашиг хуваарилдаг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Олсон ашгийнхаа 10%-ийг, 30%-ийг эсвэл 70%-ийг ногдол ашиг хэлбэрээр компаниуд хувьцаа эзэмшигчиддээ олгодог.  Харин хэдэн хувийг олгох эсэх нь тухайн компанийн “Ногдол ашгийн бодлого”-оос шалтгаалдаг.

Монголчуудад хамгийн ойр жишээ нь 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК өмнөх жилийн ашгаасаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилж байсан. Түүнчлэн компаниуд заавал ногдол ашиг хуваарилах албатай биш. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК 2020 онд мөн л ашиг орлого өндөртэй ажилласан боловч ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж оронд нь төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн.

2021 онд Топ 20 индекст багтсан компаниудаас хамгийн их ногдол ашиг хуваарилсныг нь жагсаавал “АПУ” ХК 61 тэрбум төгрөг (нэгж хувьцаанд 57.5₮), “Таван толгой” ХК 28 тэрбум төгрөг (нэгж хувьцаанд 535₮), “Сүү” ХК 25 тэрбум төгрөг (нэгж хувьцаанд 7.36₮), “Инвескор ББСБ” ХК 1.2 тэрбум төгрөг (нэгж хувьцаанд 17₮) хуваарилсан юм.

Үүнээс гадна ногдол ашиг нь заавал мөнгөн хэлбэрээр байх албагүй. Тухайлбал, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК хувьцаа тутамд 1 ширхэг “Ард Койн” буюу нийт 28 сая койныг ногдол ашиг хэлбэрээр тараасан юм. Энэ нь тухайн үеийн дундаж ханшаар бодвол 5.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ