Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээврийг 14 хоног зогсооно

Монгол Улсад COVID-19-ийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш зогсоохоор болсныг эх сурвалж мэдээлж байна.

БНХАУ-д наймдугаар сарын 22-ны өдөр дотоодод нь халдвар бүртгэгдээгүй, зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлээд байгаа юм.

Өмнө нь зургаадугаар сарын 24-ний өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэл Цагаанхад суурьшлын бүсэд "Тэг" зогсолт хийж, экспортыг зогсоож байв. Үүний дараа наймдугаар сарын хоёрны өдөр Өмнөговь аймгийн Онцгой комиссоос Цагаанхад суурьшлын бүсийг халдваргүй бүс хэмээн зарласан юм. Хэдий тийм боловч дахин COVID-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын тал хилээ хаасан гэдгийг дотоод эх сурвалж мэдээлээд байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор наймдугаар сарын 16-19-ний өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 210 автомашин гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ