Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл хангалтгүй байгааг анхаарууллаа

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байна. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл энэ сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн. Өчигдриын байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40 мянга 330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдах юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ